Цөмийн бөмбөгөөр бамбай хийсэн дэлхийн улс гүрнүүд

Дэлхийн цөмийн бөмбөгийн эриний эхлэл

Америкууд 1945 оны долдугаар сарын 16-нд АНУ-ын Шинэ Мексикийн цөлд Аламагордо хэмээх газар анх устөрөгчийн бөмбөгийн туршилтыг хамгийн анх амжилттай туршсан  байдаг. Тиймээс дэлхийн цөмийн бөмбөгийн эриний эхлэлийг энэ өдрөөс эхлэн  тооцдог байна. Энэ туршилтыг нэрт эрдэмтэн цөмийн физизч, эрдэмтэд цэргийнхний дунд цөмийн бөмбөгийн эцэг хэмээн нэрлэгдсэн Роберт Оппенгеймер удирдан  явуулсан  бөгөөд  бөмбөг дэлбэрэх тэр үед түүний санаанд Энэтхэгийн нэгэн туульсын “Би үхэл таригч болж ертөнцийг сөнөөнө” гэсэн мөрт орж ирж байсан гэдэг.

Арга ч үгүй биз.  Тэнгэрт хурц ягаан галт бөмбөлөг гялсхийн дэлбэрч, газар дэлхий доргиж, тэнгэрт цагаан утаа олгойдон 1.6 километрийн диаметр бүхий талбай аажмаар тэлж 11 километрийн өндөрт мөөгөн хэлбэртэй болох тэр үйл явцыг харсан хүнд ингэж бодогдох нь лавтай.

Цөмийн бөмбөгийн анхны дэлбэрэлт цэргийнхэн төдийгүй шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг өөрсдийг нь ч алмайруулж орхисон гэдэг.

Цөмийн бөмбөгийн “эцэг” улс АНУ /1945/

АНУ түүхнээ цөмийн  бөмбөгийн туршилтыг хамгийн анх хийсэн улс.  Америкчууд анхын бэсрэг туршилтынхаа дараа  Японы Хирошимад  цөмийн бөмбөг хаяж хүн төрөлхтөнийг цочирдуулсан жинхэнэ туршилтаа хийснийг одоо хэр дэлхий нийт мартаагүй. Энэ бол 1945 оны 8 дугаар сарын 6-ны өдөр  бөгөөд аймшигт энэ өдрөөс хойш улс  орнууд ийм хөнөөлт зэвсгийг бүтээх өрсөлдөөний эхлэлээ тавьсан гэж болно.

20 мянган тонн тротиллийн хүчтэй . америкуудын “Бяцхан хүү” хэмээн нэрлэсэн энэ бөмбөг 600 метрийн өндөрт дэлбэрэхдээ тус хотын хүн амын талаас илүү хувь болох 177 мянган хүний аминд хүрч, Хирошима хотын гуравны хоёр хувийг бүрэн сүйдэлж, бөмбөг хаясан газраас гурван милийн зай дахь 60-90 мянган байшин сүйрч, төмөр, чулуунууд нь хайлсан байдаг. “Бяцхан хүү” атомын бөмбөг хүн төрөлхтний эсрэг шууд ашигласан анхны атомын зэвсэг хийгээд анхны атомын эрчим хүч болсон юм. Үүнээс гурван өдрийн дараа буюу 1945 оны наймдугаар сарын 9-нд Японы Нагасаки хотод АНУ- ын агаарын хүчний “Бокскар” хэмээх “Б-29” бөмбөгдөгч онгоц “Тарган эр” хэмээх атомын бөмбөг хаясны улмаас шууд болон дараах хор уршгийн улмаас 80 мянган хүн амиа алдсан гашуун түүх   бас бий.

Үүнээс хойш америкчууд цөмийн бөмбөгийн туршилтыг уйгагүй цөхрөлтгүй, олон тэрбум долларын зардал гарган хийсээр, улам аймшигт бөмбөгүүдийг бүтээсээр байв.  1946 оны 7 дугаар сарын 24-нд Бикини шүрэн арлын орчим “Бейкер” нэртэй цөмийн туршилтыг усан дор 27.5 метрийн гүнд хийсэн юм. Уг бөмбөгийн хүчин чадал нь 23 килотонн байсан бөгөөд цөмийн бөмбөгийн тав дахь туршилт байлаа.

Цөмийн бөмбөгийн дэлбэрэлт тэнгисийн цэргийн хүчинд хэрхэн нөлөөлөхийг тогтоохын тулд хийсэн энэ туршилтад армийн хэрэгцээнээс гарсан 71 хөлөг онгоц, шумбагчдыг бай болгон ашигласан байдаг. Бөмбөгийг ус нэвтэрдэггүй корпуст байрлуулж LSM-60 хөлгөөс усанд тавьжээ. Дэлбэрэлтийн улмаас LSM-60, Saratoga, Nagato, Arkansas шумбагч онгоц, Pilotfish, Apogon, ачаа зөөгч ARDC-13 док зэрэг найман бай болсон хөлөг онгоц живжээ. Бас өөр 8 хөлөг онгоц ноцтой гэмтжээ. Дэлбэрэлт олон сая тонн усыг агаарт цацав. Пентагон туршилтын үр дүнд сэтгэл ханамж тун өндөр байна хэмээн Цагаан ордонд илтгэжээ.

АНУ хамгийн их цөмийн туршилт хийсэн орон бөгөөд 1945-1993 онуудын хооронд 1032 удаа хийсэн гэсэн тоо бий.  Өдгөө тус улс дэлхий дээр цөмийн бөмбөгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт орж байна.

АНУ-д өрсүүлсэн ОХУ-ын зэвсэглэл /1949/

Оросууд АНУ-тай зэрэгцэн чөтгөрийн гэмээр хүчтэй  цөмийн зэвсгийн араас нууцаар идэвхийлэн хөөцөлдөж байсан боловч тэднээс америкчууд өрссөн нь тухайн үеийн ЗХУ-ын удирдагчдын толгойн өвчин  болсон юм.

ОХУ-ын удирдагч Сталин Хирошимагийн бөмбөгдөлтийн дараа ирээдүйд янкуудтай дайтвал ийм хэдэн бөмбөгөөр Улаан армийн хэдэн дивизийг устгах тухай судалгаа гаргуулаад үр дүнд нь ихэд цочирдож байсан гэдэг. Цөмийн бөмбөгийн хүч нөлөөг идүүтэй мэдэрсэн КН-ын удирдлагууд атомын бөмбөгийг эзэмших төслийг хурдасгах тушаал буулгаж байжээ.

Улмаар тушаал ч амжилттай биелж, ОХУ 1949 онд атомын, 1954 онд ус төрөгчийн зэвсэг үйлдвэрлэсэн юм. Ингэснээр  цөмийн зэвсгийн статус хэмээх шинэ тодорхойлолт бий болж цөмийн бөмбөгөөр зэвсэглэсэн АНУ болон ЗХУ хэмээх хоёр хүчирхэг гүрэн  мэндэлсэн байна.

ЗХУ социализмын ололтыг хамгаалах нэрээр зэвсэглэлээр хөөцөлдөхөд асар их хүч хөрөнгө зарж байсан бөгөөд үүний хажуугаар сансарт хүн амжилттай нисгэж чадав.  Ингэснээр ОХУ-ын нэр хүнд, сүр хүч дэлхий нийтэд улам өсөн батажсан гэж болно. Учир нь тэд цөмийн технологи, пуужин зэргээрээ дэлхийд толгой цохино гэдгээ энэхүү үйлдлээрээ харуулсан юм.

Цөмийн зэвсэгтэй хүчирхэг гүрнүүд гэдгээрээ ОХУ, АНУ хоёр улс нь дэлхийг хоёр туйлд хуваасан бөгөөд тэдний сөргөлдөөн, цөмийн зэвсгээр далайлгасан дайсагналын түүх ийнхүү эхэлсэн юм.

Зөвлөлтийн шилдэг пуужингийн мэргэжилтэн Коррелов тив алгассах чадалтай пуужинг 2 жилийн хугацаанд амжилттай гүйцэтгэж  түүнийгээ АНУ руу харвана гэхэд хариуд нь  АНУ Турк улсад цөмийн пуужингаа зоож ЗХУ-руу харвана гэж заналхийлэх жишээтэй. ЗХУ үүнийг нь зүгээр харж суухгүй нь мэдээж.  АНУ-ын пуужинг 10 дахин нийлүүлсэн хэмжээний пуужинг Кубад байрлуулсны дараа АНУ, ЗХУ хоёр  тохиролцооны ширээнд сууж Жонн Кенниди болон Никита Хрушев нарын хэлэлцээр амжилттай дуусч байсан түүхтэй.

ОХУ өнөөдөр цөмийн зэвсэглэлийн нөөц, тоо хэмжээгээр дэлхийд тэргүүлэх улс гэсэн пайзыг зүүдэг. Тус улс 1949-1990 оны хооронд 715 удаа цөмийн туршилт хийсэн гэсэн тоо бий.

Их Британи /1952/

19 ба 20-р зууны эхэн үед дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан боловч дэлхийн хоёр дайн, 20-р зууны сүүл үед тохиолдсон эзэнт гүрнийх нь задрал зэргээс шалгаалж дэлхийн ажил хэрэгт тэргүүлэгч байр суурьтай оролцох нь багассан Их Британи улс цөмийн  зэвсэгтэй дэлх ийн  гурав дахь гүрэн юм.

Их Британийн нэгдсэн вант улс Номхон далайн Крисмас арал дээр 1952 онд “Харри”  нэрт туршилт хийж цөмийн зэвсэгтэй болсноо тунхаглав. Олон британичууд үүнийг их гүрний статусаа хадгалах том боломж хэмээн баярлан хүлээж авсан гэдэг.

Франц /1960/
Дэлхийн хоёрдугаар дайнд германд дарагдаж, алдагдсан геополитикийн нөлөөллөө олж авахын тулд Франц улс цөмийн зэвсгийн хойноос идэвхийлэн хөөцөлджээ. Ингээд 1960 онд Номхон далайн Туамоту Архипелаго гэдэг арал дээр, Африкийн Алжир улсын нутаг дэвсгэрт буюу Сахарын элсэн цөлийн дунд тус тус туршилт хийж цөмийн зэвсэгтэй дөрөв дэх орноор тодорсон.

БНХАУ /1964/

БНХАУ-ын их удирдагч Мао Зе Дун ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Хятад улсыг цөмийн зэвсэгтэй орон боллоо хэмээн зарлав. Хяиадууд ийнхүү цөмийн зэвсэгтэй 5 дахь орон болсон юм.  Хятадууд Шинкиан мужийн цөлд “596” нэртэй бөмбөг амжилттай туршсанаар ийнхүү манай гаригийн нэгэн хүчирхэг гүрний гарт цөмийн зэвсэг оржээ.

Энэтхэг /1974 /

Инээмсэглэж буй будда” хэмээх цөмийн төслийг Энэтхэг улс амжилттай хэрэгжүүлснээр цөмийн зэвсэгтэй улс болохоо дэлхийд зарлалаа. Ингэснээр Энэтхэг улс туршилт хийж албан ёсоор баталгаажаагүй ч гэсэн цөмийн зэвсэгтэй орны тоонд багтаж дэлхийн геополитикийн хүчирхэг тоглогчийн нэг болж хувирсан юм.

 Их Британийн колони байсан Энэтхэг улс 1947 онд тусгаар тогтнолоо олсон боловч шашны үзэл сурталын хагаралдаанаас үүдэн Энэтхэг болон Пакистан улс болж хоёр хэсэг хуваагдсан. Энэ  цагаас хойш Энэтхэг, Пакистаны сөргөлдөөн эхэлсэн бөгөөд 1998 онд Энэтхэг, Пакистан 2 улс цөмийн туршилт хийсэн байдаг. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл цөмийн туршилт хийсэнд тус 2 улсыг шүүмжлээд, зэвсгийн бүх хөтөлбөрөө зогсоохыг шаардсан  байдаг. 1999 онд Энэтхэг, Пакистан 2 маргаантай асуудлаа шийдвэрлэх хүчин чармайлтаа идэвхижүүлэх тухай тохиролцсон Лахорын тунхаглалд гарын үсэг зурсан ч 2 улсын хооронд цөмийн мөргөлдөөний аюул одоог хүртэл оршсоор байгаа юм.

Пакистан /1998/

Энэтхэгийг цөмийн зэвсэгтэй болсноос хойш олон жилийн турш Пакистан улсын цөмийн хөтөлбөрт АНУ ихээхэн дэмжлэг үзүүлснээр 1998 онд “Чагай-1” хэмээх бөмбөг туршив.  Ийнхүү Пакистан цөмийн зэвсэгтэй долоо дахь орон болсон юм.  Шинжээчид үүнийг ислам шашинт улсын гарт цөмийн зэвсэг очсон анхны үйл явдал хэмээн тодотгодог.

БНАСАУ /2006 /

Хойд Солонгосууд олон улсын эсэргүүцлийн дор цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр, 2006 онд АНУ тус улсыг цөмийн зэвсэг туршлаа хэмээн зарласан. Хэдийгээр Хойд Солонгосын тал үүнийг эсэргүүцдэг хэдий ч цөмийн хошуут пуужингууд амжилттай туршсан хэмээн өрнөдийнхөн эмээх болсон. Ингэснээр Хойд Солонгосыг цөмийн зэвсэг эзэмшиж буй найм дахь орон хэмээн үзэх болжээ.

Тус улс 1956 онд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнд гарын үсэг зурж, ЗХУ-тай хамтран цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тунхагт гарын үсэг зурсан  байдаг. Ингээд хүмүүсээ ЗХУ-д суралцуулж, цөмийн энергийн чиглэлээр нарийн мэдлэгтэй мэргэжилтнүүдтэй болж улмаар ЗХУ-ын тусламжтайгаар БНАСАУ-ын Йонбен хотод Цөмийн судалгааны нууц төв нээж тэндээ цөмийн эрчим хүч гарган авахаас гадна зэвсэг хийх туршилт хийсэн байдаг. Пакистан цөмийн зэвсэгтэй болоход  АНУ-ын дэмжлэг их  байсан шиг  БНАСАУ цөмийн зэвсэглэлтэй болоход ОХУ-ын нөлөө дэмжлэг их  байсан гэж хэлэхэд буруудахгүй.

Тус улсад цөмийн технологитой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориглосоор байхад 2006 оноос хойш БНАСАУ гурван ч удаа цөмийн зэвсэг туршсан төдийгүй өнгөрсөн онд холын тусгалтай Баллистик пуужин хүртэл харвасан нь Японы арлын ойролцоо буусан билээ. Ийнхүү БНАСАУ цөмийн асар хүчтэй туршилт, зэвсгүүдээрээ дэлхийг дуугүй болгоод байгаа бөгөөд тус улстай тэрсэлдэх, сөргөлдөх улс нэгээхэн ч гараагүй байна.

Израйль /1979/

Цөмийн хөтөлбөрөө албан ёсоор зарлаагүй ч дэлхий нийт цөмийн зэвсэгтэй гэж үздэг улс бол Израйль улс. Израилчууд анх АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 1979 онд цөмийн зэвсэг худалдаж авсан хэмээн олон улс тооцдог.Үүнийг 1986 онд Их Британийн Sunday Times сонин нийтэлснээр дэлхий нийт мэдэх болсон билээ.

Иран

Иран улс хэдийгээр энхийн зорилгоор цөмийг эзэмшихээр зорьж байгаа хэмээн мэдэгдсэн ч АНУ тэргүүтэй улс орнууд эргэлзэж эдийн засгийн хориг арга хэмжээ хүртэл авсан удаатай. Олон улсын шинжээчид Ираныг цөмийн зэвсгийн хойноос эрчимтэй хөөцөлддөг гэдэг ангиллаас давж цөмийн зэвсэгтэй гэх статуст орох орон гэж үздэг юм.

Бусад улс

НАТО-гийн гишүүн орнуудын дунд цөмийн цэнэгт хошуу бусад гүрнүүдээс худалдан авсан гэгддэг таван улс бий. Эдгээрт Герман, Бельги, Турк, Итали, Голланд улсууд ордог. Үүнээс гадна Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй орон хэмээгдэх ӨАБНУ ч цөмийн зэвсгийн хойноос хөөцөлддөг улсын тоонд багтдаг. Мөн үүн дээр нэмээд ЗХУ задарсны дараа цөмийн цэнэгт хошууг батлан хамгаалах салбартаа авч үлдсэн Украин, Белорусс, Казахстан гэсэн гурван улсыг цөмийн зэвсэглэлтэй болж болзошгүй гэсэн ангилалд оруулж болох юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...