Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдааныг хааж НИТХ-ын дарга Д.Ихбаяр үг хэлэхдээ цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй (суррон), скүүтер, мопед болон тэдгээртэй адилтгах хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хяналт шалгалтыг чангаруулах, хариуцлага тооцох үйл ажиллагааг онцгойлон эрчимжүүлэхийг чиглэл болгов.
Осол гэмтлийн тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ
Сүүлийн жилүүдэд хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр өсвөр насны хүүхэд, залуучууд зам тээврийн осолд өртөх, бусдын аюулгүй зорчих эрхэд халдаж, эрүүл мэнд болон эд материалын хохирол учруулах нөхцөл байдал ихээр гарах болсон байна.
Статистик мэдээллээс үзэхэд Нийслэлийн хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтэл:
-
2024 онд: 446 тохиолдол
-
2025 онд: 2,792 тохиолдол (даруй 6 дахин нэмэгдсэн)
-
2026 оны эхний 7 сард: 1,327 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Улмаар хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт явдал гарсанд НИТХ-ын зүгээс гүн эмгэнэл илэрхийлж, цаашид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
НИТХ-ын даргаас холбогдох байгууллагуудад дараах чиглэлүүдийг өгөв:
-
Хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тогтмол хяналт шалгалт хийж, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах, хариуцлага тооцох үйл ажиллагааг эрчимжүүлэх.
-
Энэ чиглэлийн түрээсийн болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, иргэдийн аюулгүй орчинд зорчих эрхийг хамгаалах.
-
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах.
“Эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхэддээ энэ төрлийн тээврийн хэрэгсэл худалдан авч өгөхгүй байх, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг уриалж байна. Та бидний оролцоо, хариуцлагаас үр хүүхдийн тань болон бусдын амь нас, эрүүл мэнд шууд хамаарна.” — НИТХ-ын дарга Д.Ихбаяр
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн замын түгжрэл, ачааллыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй замын бүтээн байгуулалтын ажлуудыг даруй шуурхайлах, төлөвлөж буй арга хэмжээнүүдээ иргэдэд сайн сурталчлан таниулж, иргэдийг бухимдалгүй замын хөдөлгөөнд оролцох боломжоор хангаж ажиллахыг холбогдох албаныханд санууллаа.

