Гүрбазар Монголоороо гоёдог байлаа…

Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёо мөнх бусыг үзүүлсэн Ш.Гүрбазар анддаа зориулан дурсамж бичиж, цахим хаягтаа нийтэлжээ. Бүрэн эхээр нь хүргэе.
Далаад он юмсан. Намайг хөдөөрхүү төрхөөсөө холдоогүй, бүрэг нэгэн байхад Гүрбазар бол хэзээний олны дунд нүүр хагарчихсан, хэнд ч бодсоноо илчилчих нүүрэмгий шүлэгч болсон байлаа. Багшийн дээд сургуулийн утга зохиолын дугуйланд анх “Галуун цуваа” гэж шүлгээ уншсаны дараа тэр урд ширээнээс над руу эргэж хараад “Гамзатовын Тогоруун цуваа гэж нэг шүлэг бий. Түүнийг нэг уншаад суралцчих” хэмээн хэвлүүхэн зөвлөгөө өгч анх танилцаж билээ.
Маргааш өглөө нь хичээл завсарлангуут Гүрээ гүйж ирээд ” Найз нь сая нэг шүлэг биччихлээ. Сонсох уу? гэж байна. Олны хөл дунд мөнгө хангинан унаж байх юм гэнэ. Тэгтэл нэг шуналт нүд бас хамт түүн дээр унаж байна. Тэгэнгүүт нэг хөл мөнгөн дээр гишгэчих аж. Хомхой сэтгэл дээр ч бас гишигчихнэ. Мөнөөх шүлгэнд бүгд л олзуурхаж, гоё санаа гэцгээж байна. Тэр үед шүлгийн санаа их чухал гэж үздэг,томчууд ч биднээс санаа л шаарддаг байжээ. Гүрээ маань ч урам дүүрэн, тараад Их сургуулийн дугуйлан дээр очиж бут авцгаая хэмээн биднийг командлаад гарч явцгаав. Харин тэр үед МУИС дөнгөж төгсөөд дугуйлан удирдаж байсан С.Дулам багшид бид зад шүүмжлүүлээд буцаж билээ. Тэр үеийн Их дээд сургуулийн утга зохиолын дугуйлангуудад манай үеийнхэн бие биетэйгээ цагаахнаар мэтгэлцэж, харилцан суралцаж өсч өндийцгөөсөөр, шүлэг зохиолоороо нөхөрлөж тэр дундаас бид ижил нөхдөө олж бараадсаар нэг Гал болсон минь Б.Сундуй, Д.Цогт, Ц.Ойдов, Л.Мягмарсүрэн, Ш.Гүрбазар, Ж.Саруулбуян, Ү.Хүрэлбаатар, Я.Баатар, Ж.Оюунцэцэг, хөдөөнөөс ирж нэгдсэн Д.Нямсүрэн, О.Дашбалбар, бид хэд байлаа. Үл цөхрөн бичсээр, уншсаар л байлаа.
Хичээлийн завсарлагатайгаар гурван давхарынхаа нэгэн цонхны дэргэд цуглаж шүлгээ ярилцаж зогсоход хажуугаар өнгөрсөн оюутнууд ” манай сургуулийн зохиолчдын хороо цуглачихаж” хэмээн жиг жиг инээлдэн өнгөрөхөд тэр үгсийг шоглол бус талархал гэж хүлээж авдаг балчирууд байсан юм. Хичээл тараад гудамжаар яриагаа үргэлжлүүлсээр хэн нэгнийдээ цугларч шөнө дөл болгож тарна. Ингэж бид шүлгээр өвчилж шүлгээр амьдарч, зугуухан өсөж уран сайхны ертөнцөд хөл тэнцсэн билээ.
Гүрээ маань оюутан ахуйдаа ” Дугуй хээтэй наадам” гэх шүлгээ бичиж , анх юм бүхэн нь дугуй хээтэй говь нутгийнхаа наадмын зураглалаар гоёсон юм.
Сумын наадмын асар хэцийн салхинд хээгээ гээтэл дэрвэх, бөхчүүд зодогныхоо хээг зууван болгож дугтралцах, хөөрхөн бүсгүй үйтэн хуар дээлийнхээ хээг дурдан болтол хатируулж, наадмын дэвжээ хүлгийн туурайгаар тамгалагдах тод зураглал түүний шүлэгт гарч ирсэн юм. Магадгүй тэр нэг говийн сумын наадмын тоос болсон салхи, түүний ирээдүйн томхон бүтээлийн сэвшээ нь байсан бизээ.
Тэрбээр говь нутгийн хөдөөх ахуйгаар хөглөгдөж, сэрж, бичиж байв.
Анхны номоо ” Дугуй хээтэй наадам ” шүлгээрээ нэрлэж, цаашдаа ч Монгол нүүдэлчдийн амьдрал ахуй, говь, хөдөө нутаг, эгэл хүмүүс түүний шүлэг зохиолын үндсэн сэдэв болж төлөвшсөн билээ. Гүрбазар шүлгээ уран гоё уншина. Түүний шүлгүүд говийн бор толгод, хөдөөгийн хөх өвгөд эмгэд, монгол ахуйн дүр зургаар баялаг билээ. Явуу багшийн алдарт ” Тэхийн зогсоол”-ыг бол ёстой тэр янгирын дотор нь яваад ортол хайлна. Бавуугийн Лхагвасүрэнгийн олон шүлгийг тайзнаас үзэгч уншигчдад хүргэсэн хүн бол Гүрбазар юм.
Олон талын авьяастай Гүрээ маань нэг л мэдэхэд кинонд уригдчихсан байна.
Манай хүн кинонд тоглохоор явчихсан байл уу? Анхны охин нь төрөхөд манай “Гал”-ын бид хэд төрөхөөс хүлээн авч авч гэрт нь хүргэж өгч байсан санагдана. Нэг мэдэхэд Гүрээ маань “Эх бүрдийн домог”, ” Хүний амь” гээд хэд хэдэн кинонд тоглож, Д.Намдаг багшийн клубт элсчихсэн, хошин шог зохиол, жүжгийн зохиол бичих арга зүйд шамдан суралцаж байв.
Шүлэг зохиолоос гадна нэг авьяас нь түрүүлэн тодорч уран унших жүжиглэх ур дүйгээр анхаарал татаж сургуулиа төгсөөд Монголын Зохиолчдын Эвлэлийн дэргэдэх “Үлгэрийн танхим”-д найруулагчаар очиж билээ. Ардын аман зохиол, үлгэр тууль, явган шог, олон төрөл зүйл энэхүү үлгэрийн танхимын урын санд байж, алдарт хуурч магтаалч Жанцанчой, Баттөмөр дууч, Цэрэнчимэд гээд авьяастнуудыг тэр удирдаж хөдөө орон нутгаар тоглолт хийж нэгэн хэсэгтээ Зохиолчдын хорооны орлогыг бүрдүүлдэг байж билээ. Мэдээж Гүрээ эндээс маш их зүйл сурсан байх аа. Төдөлгүй тэр цэрэгт татагдаж, дараа нь гачигдлаар цэргээс халагдаж, түүний гялалзсан авьяасыг олж харсан урлаг судлаач Дэ. Мягмарсүрэн ах Монгол телевиз рүү хандуулсан билээ.
Би бээр 1981 онд Монголын радиогоос Үндэсний телевизэд Утга зохиолын нарийн бичгийн дарга хэмээх албан тушаалд томилогдож очиход Гүрээ маань туслах найруулагч гэсэн орон тоон дээр ажиллаж байгаа нь ид авьяас нь задарч яваа Гүрээгийн хувьд жаахан тиймхэн санагдаж билээ. Тэр намраа “телевизийн залуу сэтгүүлчдийн багийг “Инээмсэглэл” чуулгатай авч ургац хурааж буй оюутан залуусын үйлсийн тухайд “Намрын Инээмсэглэл ” хэмээх нэвтрүүлэг аялал нэвтрүүлэг зохион байгуулж Гүрээг хөтлөгчөөр оролцуулсан юм. Нэвтрүүлэг үзэгчдэд ч удирдлагуудад ч таалагдаж, Гүрээ ч дарга нарт анзаарагдав. Нэвтрүүлэг цацагдсаны дараа Телевизийн удирдлагад Гүрбазар монгол хэл, утга зохиолын анги төгссөн, редактор баймаар хүн, ажлын байрыг нь өөрчилмөөр байна гэж шууд хэлсэн юм. Ингээд Гүрээ Залуучуудын нэвтрүүлгийн рeдакцид авьяаслаг сэтгүүлч Б.Дорж, шилдэг найруулагч Бадрах тэргүүтэнтэй хамтран ажиллах болж эфирт гарч олны танил болж эхэлж билээ.
Гүрээгийн хурд хөдөлгөөний хөлийг баргийн хүн гүйцэхгүй, нэг мэдсэн Их хуралд нэр дэвшчихсэн, төдөлгүй гишүүн болчихсон, Үндсэн хууль хэлэлцээд үг хэлж байгааг нь телевизээр хардаг болов.
Хэдийгээр бид чөлөөт зах зээлийн нийгмийн шилжилтийн бужигнаан дунд нэг хэсэг, юун цуглаж дэврэхтэй мантай өнөө маргаашийн талхны төлөө зав чөлөөгүй он жилүүдтэй нүүр тулсан ч бие биенээ үгүйлэн санаж, хамтран үүсгэсэн “Гал”-аа хааяа тааралдахдаа дурсдаг байлаа.
Телевизийн дэлгэц түүнийг нэрд гаргасан юм. “Говийн ганц айл” нэвтрүүлэг , Баян ходоодны дааганы дэргэдээс хийсэн шууд дамжуулалт зэрэг нь түүний сэтгүүлчийн, зохиолч, өгүүлэхүйн мастер болохыг олонд нотолж, үзэгчид түүнийг үгүйлэн хүлээдэг болсон юм. Ялангуяа наадам дөхөхөөр Гүрбазарын хурдан морины зурхайгаас хийх шууд дамжуулалтыг үзэж “самсаагаа шархируулахсан” гэж хүлээнэ. Тэр үйл явдалд өөрөө догдлон явж ороод түүнээ үзэж суугаа үзэгчийн сэтгэл рүү хөтөлж хүргэж чаддаг авьяастан билээ. Ерөөс Телевизийн хөтлөх урлагийн нэгэн тод нүүр царай нь манай Гүрээ билээ. Тэр хаана ч чин сэтгэлээсээ л хөтлөнө. Хурим найр, одонгийн мялаалгаас эхлээд Төрийн хүлээн авалт, хаана очсон газар бүрт л Гүрээ тайзан дээр олныг баясгаж, өөрөө догдолчихсон шүлэглэж байдагсан. Тэр бол тайзыг эзэгнэгч, өгүүлэхүйн мастeр билээ.
Анзаарвал, тайзны хөтлөлт дунд мөр шад хэлхэж, өөрийнхөө шүлгийн бадгуудыг утга зохируулан өрж цэгцэлж, донжийг нь олж эвлүүлэхээ тэр мэднэ. Тэр тайзан дээр зогсож байхдаа ч, хүмүүстэй хөөрөлдөж байхдаа ч бүтээлийнхээ санааг боловсруулж явна. Ярьсан шаналсан үгс нь цэгцрээд удалгүй дуу болчихсон эгшиглэж байх.
Дөрвөн зуу гаруй дууны шүлэг, хорь гаруй жүжиг киноны өмнө түүний нэр бичигддэг юм. Ойрмогхон Гүрбазарын зохиолоор хийсэн “Шар гэгээ” хэмээх кино олон орноор аялж шагнал хүртэж шуугиулж яваа сурагтай.
Хөдөө сумын дугуй хээтэй наадам, гурил үүрдэг хоршоо Дэрэм, говийн ганц айлын зураглал нь утга агуулгаа улам тодотгон өргөж, эх орноо элгэн түмнээ хайрлах томоохон бүтээлүүдийнх нь сэдэв болж өргөжин тэлсээр байлаа.
Гүрбазар нэгэнтээ, “Сайхан ч юмаа даа, Монгол хүн болж төрөх” хэмээн уртаар шүүрс алдаж,
Толгод хөтөлсөн нүүдэл нь
Бодолтой минь дэндүү адилхан
Тооройн шаргал говь минь
Ижийтэй минь дэндүү адилхан
Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа хүү нь болохоор адилхан
Ижийтэй минь ижил ганцхан заяах
Эх оронтойгоо би дэндүү адилхан
хэмээн бахархал хайрлал дүүрнээр хэлсэн бөгөөд Л.Балхжав шүлгийнх нь амь амьсгалыг аялгуугаар улам бүр тодосгож ” Хурд” хамтлаг дуурсгасан нь энэ бүтээл гурвалсан морь хөтөлсөн сүйх тэрэг шиг хүмүүсийн сэтгэлд хүрч алдаршжээ.
Эх орныхоо ” Гүйгүүл цэнхэр салхи” ямархан үнэртэйг тэр мэдэрч,
Нас насны хацарт намайг үнссэн
Нутгийн эрээн салхи минь миний үнэртэй.
Үрээ үлдээж үнсүүлэх
Монголын эрдэнэ салхи минь
Миний амьсгал, миний амь аа!” хэмээн дуу алдсан бөгөөд Т.Сэр- Од сайхан аялгуу зохиож С.Жавхлан дуулж дэлхий даяар Монголын үнэртэй салхи сэвэлзсэн билээ.
Дардан биш, ороо бусгаа цагийн дундуур бэрхшээлийг манай ард түмэн сөрж туулж яваа билээ. Цаг цагаараа бус, цахилдаг хөхөөрөө ч биш. Зуур замын дунд Монголоо голж чамласан, үгүйсгэсэн, түүнийг дэврээсэн ямар нэгэн албин салхи ялангуяа залуу үеийнхний сэтгэлийг ийм тийш чангаасан уймраасан цаг үед эх орноо мэдрэх дотоод мэдрэмж, хайрлах үгүйлэх сэтгэлийн урь зөөлөн, анхилуун салхийг илбэсэн түүний “Би Монголоороо гоёдог”, “Монголын үнэртэй салхи”, “Би Монголтойгоо адилхан” хэмээх гурван дуунд Төрийн шагнал олгосон юм. Мэдээж энэ бүтээлүүд түүний бахархал хийгээд эмзэглэлээс төрсөн байж таарна. Гүрбазар нэгэнтээ:
“Ангир ижийгээ чилээж үр нь мэндлэхийн адил намайг омогшуулж, шаналгаж, бодлыг минь хөвсөлзүүлж, өөрөө өөртөө өширснөө ч нуухгүй тийм л цэнхэр ад надаас хөвөрсөн болохоор түүнээ л дэлгэдэг минь цор ганц үнэн” гэж хэлж билээ.
Шаналахаас аргагүй, бичихээс өөрөөр тайтгарах аргагүй дотоод сэтгэлийн тэр ассан галыг Гүрээ “цэнхэр ад” хэмээн тун өвөрмөцөөр онож хэлсэн юм.
“Алс явахад ардын дуу минь аманд хүлхэгдэх юм даа” гэж тэр нэгэнтээ бичжээ. Сайтар мэдвэл өөрийнх нь алдарт гурван дуу, дагалдах бусад олон арван бүтээлүүд нь алсад яваа, гэртээ суугаа Монголчуудын маань аманд хүлхэгдэж араанд ууснам билээ.
Шүлгээр, дуугаар, жүжгээр, тайз дэлгэцийн өгүүлэмжээр, юугаар ч ярьсан хүний сэтгэлд гэгээн утгыг, хайр энэрлийг, халуун дулааныг үгээр илэрхийлэн хүргэж өгөхийн ид хавыг эзэгнэсэн авьяастан бол эрхэм анд Төрийн шагналт Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар бөлгөө.
Эх орон, түмэн олноороо бахархаж, түүнээ бүтээлээрээ илэрхийлж яваа хүн “Би Монголоороо гоёдог” хэмээн ам бардам хэлэлгүй ч яахав дээ…
Анд минь Монголдоо эргэж төрөөрэй!

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Шатарчин С.Билгүүн хос их мастер цолны болзол хангалаа

Македони улсын Скопье хотноо зохион байгуулагдсан шатрын бодлого бодолтын...

“Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна

Нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим сурагчийг...

Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой

Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад хувь...

Баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий...