-Маш их баярлалаа, ямар хөөрхөн юм бэ. Дэлхий даяараа маш их мэдээ мэдээллийн урсгал дунд амьдарч байгаа өнөө үед хүмүүс хэрэгтэй хэрэггүй, буруу зөрүү мэдээлэлд төөрөлддөг. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн хэлэх гэсэн санаа байндаа тусахгүй байх нь бий. “U Film” уран бүтээлийн нэгдлийн хамт олон бид чаддаг зүйл, хийдэг ажил, уран бүтээлээрээ хүнийг баярлуулах, амьдралын олон өнгө байдгийг таниулах, өөрсдийг нь өөрсдөөр нь харуулахыг хичээж, кино, жүжиг, нэвтрүүлэг гээд олон төрөл хэлбэрээр ажилладаг. Цэргүүдийн амьдралыг хүүтэй хүн бүр сонирхдог ч тэр талаарх үнэн бодитой мэдээллийг тэр бүр хүлээн авч чаддаггүй. Энэ талын мэдээлэл маш бага санагддаг. Биднийг, эх орноо хамгаалахаар тангараг өргөсөн эр цэргүүдийнхээ тухай мэдээлэл бага болохоор тэдэндээ талархаж, урам зориг өгч чаддаггүй. Тиймээс бид нэвтрүүлгийнхээ хором бүрийг цэргийн албыг олон нийтэд таниулахад чиглүүлсэн. Өглөө сэрж, гарч дасгал хийхээс цэргийн амьдралын нэг өдөр эхэлдэг. Нэвтрүүлгийнхээ нэрийг ч түүнийг бодолцож өгсөн. Хугацаат цэргийн алба хаагчийн сургалт, бэлтгэлээр тогтохгүй Зэвсэгт хүчний ангид ажилладаг офицер, ахлагч, энгийн алба хаагчид ч юу бодож, юуны төлөө зүтгэдэг болохыг харуулахыг зорьсон. Бид хол явж чадаагүй ч Улаанбаатар цэргийн хүрээний таван ангиар орж нэвтрүүлгээ хийж цувралаар үзэгч түмэндээ хүргэсэн нь олны сэтгэгдэл, хандалт сайтай байна. Хүн хүний ажил мэргэжлүүд нийлж нийгмийн амьдралыг бүрдүүлдэг учир тэр бүхний онцлогийг ойлгож, хүндэлж, урам өгөх нь манай “U Film”-ийн зорилго юм.

“Ротын хөөрхнүүд ээ, сэрээрэй”… Та энэхүү командаар байлдагчдын нэг өглөөг эхлүүлж байхад ямар санагдсан бэ?

-Өмнө нь кино, нэвтрүүлэг зэргээс харж байсан л даа. “Сэрээд, сэрээд…” гээд л… Цаашаа яадгийг бүү мэд байсан. Тэгээд бид нэг өдрийг цэргүүдтэйгээ эхлүүлж, тэдний амьдралыг харуулж, үгийг нь сонсож, тэдэндээ урам өгөхийг зорьсон учраас нэвтрүүлгээ ингэж нэрлэсэн. Мэдээж бид маш олон зүйлийг хөөрхөн гэж харж, нэрлэдэг. Тангараг өргөсөн эр цэрэг хүчтэй, зоригтой, хатуужилтайгаас гадна мэдээж залуу хүн, хөөрхөн биз дээ. Би анх сэрээх командаа өгөхөд цэргүүд сэрэхгүй байсан. Эмэгтэй хүн дуугарахаар гайхаад байгаа юм уу, яагаад сэрэхгүй байна аа гээд би өөрөө ч гайхсан. Ер нь бид цэрэг армийн хувьд маш няхуур хандах ёстой юм байна лээ. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, ард түмнийхээ төлөө зүтгэхдээ нэг командын дор хамтдаа үүргээ гүйцэтгэж, хувийн ахуй амьдралаасаа илүү улсын ажил, эх орны эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг болохоор бид буруу зөрүү үг хэллэг хэрэглэх вий, андуу буруу ойлголт төрүүлэх вий гэж маш болгоомжилж, анхааралтай хандсан. Бид тэдэнтэй жилийн 365 хоног цуг алба хаах биш. Тиймээс ганц өдөр ч гэсэн чөлөөтэй, илэн далангүй байхыг хичээсэн.

Дэд ахлагч Гончигийн Ундармаа… Ямар санагдаж, юу мэдэрсэн бэ?

-Энэ хэдхэн үг хамгийн их хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэх шиг санагдсан. Хамгийн их санаа зовж байсан зүйл бол үзэгчдээсээ айх айдас байлаа. “Энэ жүжигчин хүүхэн цэргийн цол аваад л…” гээд буруу зөрүү ойлгох вий гэсэн болгоомжлол байсан. Гэхдээ үзэгчид сайхан эерэг хүлээж авсанд сэтгэл тайвширсан. Дүрэмт хувцсаа өмсөөд, цолоо зүүгээд ирэхээр байнгын бие бүрэлдэхүүний офицер, ахлагч эмэгтэйчүүдтэй өөрийгөө өөрийн эрхгүй харьцуулдаг юм билээ. Тэд биеэ ямар гоё цэх авч явдаг юм бэ, ямар гоё цэгцтэй алхдаг юм бэ, ямар гоё сул үггүй, оновчтой ярьдаг юм бэ гээд л бахархах зүйл маш их байсан.

 Энэ нэвтрүүлгийн санаа, зохиомж үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Залуусын төлөөлөл болсон энгийн залуусыг зочноор оролцуулж биеэр нь цэргийн амьдралыг мэдрүүлэхийн зэрэгцээ дайчдын яриа, хандлагаар цэргийн албыг сурталчлан харуулж чадсан. Зочин хөтлөгчдөө хэрхэн сонгосон, тэднээр болон энэ нэвтрүүлгээрээ дамжуулж юу хэлэх гэсэн бэ, зорьсондоо хүрсэн үү? Манай уншигчдад сонин байх болов уу?

-Баярлалаа. Бид бусдад цэргийн амьдралыг харуулахын тулд өөрсдөө мэдлэгтэй, мэдээлэлтэй байх ёстой учир нэлээд хугацаанд судалгаа хийсэн. Эхлээд бид зочин цэргийн талаар бодоогүй. Судалгаа хийх явцад манай багийнхны хамгийн эхэнд мэдэрсэн зүйл гэвэл бидний төсөөллөөс шал өөр, ер нь мэдэхгүй ертөнц байсан. Бид цэргийг тэсвэр хатуужилтай эрчүүдийн цугладаг газар гэж ойлгож байтал, үгүй байсан. Тэнд тэсвэр хатуужил, төлөвшлийг бий болгодог юм байна лээ. Янз бүрийн орчинд өссөн залуус нэг жилийн хугацаанд бие биеэ ойлгож, бие биедээ эергээр нөлөөлж, бие биеэсээ суралцаж, ирээдүйгээ хамтдаа гоёор төсөөлж төлөвшдөг болохыг бид судалгаан дээрээ тулгуурлан анзаарч ойлгосон. Зарим ээжүүд хүүгээ цэрэгт явуулахгүй л гэдэг. Гэтэл бид яагаад хүүгээ сонсдоггүй юм бэ, яагаад тэднийг ойлгохыг хүсдэггүй юм бэ, яагаад цэргийн амьдралын сайхныг олж хардаггүй юм бэ, яагаад харанхуйгаар өөрсдөө дүгнэлт хийгээд яваад байдаг юм бэ гэж бодохоор харамсах сэтгэл төрсөн. Тэгээд нэг зочин цэрэг, тэгэхдээ бүр цэргийн алба хаагаагүй, мөн үе тэнгийнхэндээ нөлөөлөлтэй залуу байхаар тооцоолсон. Манай Mo G маш эх оронч залуу уран бүтээлч, аливаа зүйлд тууштай, үнэнч, зоригтой залуу. Тиймээс түүнийг заавал байх ёстой залуу гэж сонгосон. Бас Францын армид алба хаасан залууг Монгол Улсын Зэвсэгт хүчнээ өөр улстай жишиж үзвэл сонирхолтой байх гэж бодож сонгосон. Мөн яг одоо армид алба хаадаг тамирчин залууг зочин цэргээрээ сонгосон зэрэг нь тус бүрдээ амжилттай болсон. Энэ бол мэдээж маш сайн судалгааны үр дүн гэж бодож байна.

“U Film” уран бүтээлийн нэгдлийнхэн энэ өдрүүдэд өөрсдөө цэрэгжсэн, хагас цэрэгжсэн байдлаар ажилласан болов уу? Тактик хувцас, станц гээд л…

-Манай залуус кино, нэвтрүүлгийнхээ төрөл жанр, өнгө төрх, зураг авалт, зохиол зохиомж, хийцлэлээсээ шалтгаалаад видеоныхоо багийг сонгодог. Манай “Эзэгтэйн туслах” нэвтрүүлэгт ажилласан баг маань “Ротын хөөрхнүүд ээ, сэрээрэй” нэвтрүүлэгт ажилласан. Дандаа л цэргийн насны залуус. Бид нэвтрүүлгийнхээ уур амьсгалыг өөрсдөө мэдэрч, бас бусдад мэдрүүлэхийг хичээдэг. Хөдөө зураг авалтад бүгд дээлтэй явах жишээтэй. Тэгээд ч очиж байгаа газраа хүндлэх үүднээс бид энэ удаа ижил тактик хувцас сонгосон, хагас цэрэгжсэн байдлаар ажилласан. Тэгээд мэдээж кино, уран бүтээлд ажиллахдаа хэрэглэдэг ажлын гол багаж хэрэгсэл маань станц шүү дээ.

Та энэ хугацаанд хүндэт харуулынхан, холбоочин, барилгачин гээд төрөл мэргэжлийн цэргийнхний онцлогийг бага ч атугай мэдрээд амжсан байх…

-Энэ нэвтрүүлгийг хийхэд манай Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабынхан маш найрсаг хүлээн авч, дэмжлэг үзүүлсэн. Зэвсэгт хүчний ангиудад очиход цэргүүд маань маш догдлолтой хүлээж авсан. Харамсалтай нь, бид бүх цэргүүд, бүх ангиудаа хамруулж чадаагүй. Гэсэн ч талархлын үг маш их сонссон. “Биднийг зорьж ирсэнд баярлалаа” гэхэд нь л бидний зорилго шууд биелэх шиг санагдсан. Хүн бүр өөрийн мэдэлгүй л хэн нэгнээс урмын үг, урам зориг хайрлах хандлага хүсэж байдаг. Нэг сайхан харц, аядуу зөөлөн хоолойг нэг мэдэрсэн хүн тэр өдөртөө, цаашлаад амьдралдаа сэтгэл хангалуун явах нь бий. Бид цэргүүддээ тийм л сэтгэгдэл үлдээхийг хичээсэн. Ер нь хугацаат цэргийн алба хааж байгаа залуус цаанаа л сэргэг, соргог, шинэлэг, хичээнгүй, хүний өөдөөс хараад чин сэтгэлээсээ инээмсэглэж чаддаг, хүнд талархлаа илэрхийлдэг, гоё харилцан ярилцаж чаддаг нь бахархмаар санагдсан.

Манай байлдагчид танд зориулж “Халуут” дууг дуулж, өөрсдийн хийсэн төмөр сандал бэлэглэн үдэж байсныг санаж байна. Миний адил олон үзэгчийн аньсага чийгтсэн болов уу. Энэ мэт олон гоё дурсамж таны сэтгэлд үлдсэн байх.

-Бид цэрэгт ирээд дөрөв, таван сар болсон залуус дээр очих учир хэрхэн баярлуулах вэ гэдэг талаараа маш сайн судалсан. Тэд ч бас намайг сайн судалсан байна лээ. (инээв) Намайг сандал цуглуулдаг гэдгийг, уран бүтээлийг минь судлаад “Халуут” буюу хайртай гэдэг утга санааг нь хүртэл бүгд мэдчихсэн байсан. Цэргүүдийн гараар бүтсэн хэд хэдэн сандал бэлэгт авсандаа маш их баярласан. Энэ бол миний төдийгүй “U Film”-ийнхний хувьд хэмжээлшгүй их баяр, юугаар ч үнэлшгүй бэлэг байсан. “Халуут” дуу өөрөө их сүнслэг гоё дуу л даа. Манай Р.Эмүжин үгийг нь зохиосон, монгол бичгээр бичигдсэн. Энэ дууг цэргүүд маань дуулахад үнэхээр сэтгэл хөдөлсөн, ахиад ч хономоор л санагдсан шүү. Үзэгчид ч гэсэн энэ хэсгийг маш их ярьдаг. Ганц надад гэлтгүй манай багийнханд маш олон гоё дурсамж үлдсэн. Байлдагчийг ээжтэй нь, найз охидтой нь уулзуулах мөч үнэхээр сэтгэл догдлом байсан. Манай багийнхан уулзах бүрдээ цэргүүдийнхээ тухай ярилцдаг. Одоо цэргийн дуу, уран бүтээл их сонсдог болсноос гадна цэргийн хувцастай хүмүүсийг харахаар шууд очоод яриа өдмөөр, бас их дотно санагддаг болсон байна лээ. Миний амьдралд бас нэг сайхан өнгө, мартагдашгүй дурсамж үлдээсэн үе байлаа.