Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Юуны өмнө 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эрдэнэт хүний амь нас хохирч, ар гэр, төрөл төрөгсдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд эмгэнэл илэрхийлье.
Хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн байгууллагын рапорт хэлбэрээр бичигдсэн мэдээлэл цахим орчинд 21:00 цагийн орчимд цацагдсан. Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хүний хувийн нууцыг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал юм.
Хохирогчийн хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан нь Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн гэмт хэрэг юм. Хэрэв албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, мэдээлэл задруулсан бол ялыг хүндрүүлдэг. Тав хүртэлх жилийн хорих ялтай. Хэрвээ эрх мэдлээ ашиглаж, мэдээлэл задруулсан бол хувь албан хаагчаас гадна удирдлагуудад нь хариуцлага тооцно.
Эдгээр мэдээлэлд дурдсан зарим зүйлс Цагдаагийн байгууллагад огт бүртгэгдээгүй мэдээлэл байсан, зарим нь үнэнд нийцэхгүй ташаа мэдээлэл байсан. Иймээс олон нийтийн сүлжээн дэх зурагт мэдээллийг зориудаар тараасан байж болзошгүй гэж үзэж байна.
Хохирогчийн хүү цэрэгт алба хааж байсан учир хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй байсан. Одоо албан ёсоор хохирогчийн үүднээс мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ. Хүүгийн хувьд хариуцлагатай алба хаагч байсан. Хил дээр алба хааж байсан учир Улаанбаатарт ирсэн хойно нь хэргийн талаар мэдээлсэн.
Мэдээлэл хийсэн хүүг Цагдаагийн байгууллага хамгаална. Хүүг Хууль сахиулах байгууллагын алба хаагчид хамгаална. Шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэгийг үзүүлэх болно. Ямар ч албан тушаалтан бай хүний хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэх ёсгүй. Тиймээс гэм буруутай хүнийг олж тогтоон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно” гэлээ.