Ипотекийн зээлийг орон сууцны метр квадратаас шалтгаалан зээлийн шаталсан хүүг санал болгохоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл орон сууцны метр квадратын хэмжээ ихсэх тусам зээлийн хүү нэмэгдэх байдлаар зээлийг олгоно гэсэн үг.
Монголбанкнаас гаргасан судалгаагаар нийт зээл авсан иргэдийн хүсэмжит талбай нь 50-60 мкв байнаа гэсэн дүн гарчээ. Тиймээс орон сууцны мкв-аас хамаарч зээлийн хүү өсөх байдлаар ипотекийн зээлд өөрчлөлт хийхээр болсон байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболдын хэлснээр Дэлхийн банкнаас зөвлөснөөр дээрх ипотекийн шаталсан зээлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажээ. Талбай томрох тусам хүү томордог, магадгүй 100 мкв талбайтай орон сууцны зээл 11-12 хувьтай байх зэрэг өөрчлөлт хийх нь тохиромжтой гэж зөвлөсөн байна.
Өнгөрсөн хугацаанд нийт ипотекийн зээл авсан иргэдийн 53.9 хувь нь сард 2 сая 500 мянган төгрөг хүртэл орлоготой буюу дундаж орлоготой өрх байжээ. Ипотекийн зээлд аль болох дундажааас доогуур орлоготой иргэдийг хамруулахаар төлөвлөж буй гэж яамнаас мэдээллээ.
Анх байр авч буй бол 100 хүртэл Мкв байранд 10 хувь, 40 хүртэл Мкв байранд 4 хувь, 50 мкв бол 5 хувь, 60 мкв бол 6 хувь гэх мэтээр шаталсан зээлийн хүүтэй байх юм байна.
Харин хоёр дахь удаагаа байр худалдаж авах бол үүнээс арай өндөр хүүтэй зээл олгоно. Энэ зээлийн бодлого нь гэр хорооллыг орон сууцжуулах, орчны бохирдлыг бууруулахад чиглэж байгаа учир нэн хөнгөлттэй энэ зээлийг зорилтот бүлэг рүүгээ чиглүүлнэ. Амьдрах нөхцөлөө сайжруулахаар хоёр дахь удаагаа зээл авч буй иргэдээ төр орхихгүй ч анх удаа авч буй иргэдэд олгож буй зээлийн хүүгээс өндөр хүүтэй зээл олгох бодлого барина гэж холбогдох яамнаас мэдээлэв.