Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний эцэст УИХ-аар батлагдлаа. Үндсэн хуулийн реформын дараах 126 гишүүнтэй, нийгмийн олон төлөөлөл багтсан парламент анхны төсвөө баталсан нь энэ. Төсвийн хэлэлцүүлэг олон нийтийн анхааралд ийм хүчтэйгээр орж, олон ургальч үзэл бодол жинхэнэ утгаараа амилсан ийм төсөв урд өмнө байгаагүй. Өмнөх 76 гишүүнтэй парламентууд төсвийн төслийн 4 хэлэлцүүлгийг нэг бол гурилдаад, эсвэл төрсөн эх нь ч танихааргүй гэдэг шиг тойрог руугаа чирч гулдраад авлигажсан төсөв болгоод баталчихдаг байсан нь худал биш. Ямар ч санал шүүмжлэл гарахгүй олонхоороо ярсхийтэл гар өргөөд баталбал тэр нь жинхэнэ коммунист төсөв болно. УИХ-ын 126 гишүүн дотроос олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг, нийгмээ соргог мэдэрдэг гишүүд эхнээсээ тодорч, Үндсэн хуулийн реформ үр дүнгээ өгч байгааг нийгэмд мэдрүүлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гадаадад айлчлахаар мордсоны ард болсон улс төр бүхэлдээ эрүүл саруул байлаа гэвэл гэнэн дүгнэлт болно. Хэдийгээр шинэ парламент боловч хуучин улстөрчид, тойрогтоо мөнгө саагчид, авлигажсан төсвөө санагалзагчид цөөн биш байсныг бүгд харлаа. Сайд Б.Дэлгэрсайхан, С.Бямбацогт нар Засгийн газрынхаа оруулж ирсэн төсвийнхөө эсрэг санал кнопдож шогтов. Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн гээд олон сонгогдсон гишүүд тойрогтоо мөнгө төсөвлөсөнгүй гэж баахан цамнаж, улс төрийн авлигаа санагалзав. Хэн бүхний нүдэн дээр намын жагсаалтад бичигдэж УИХ-ын гишүүн болсон Д.Энхтүвшин “Би МАН-ын гишүүн биш” гэж мэлзэж үзлээ. Ч.Анар гэдэг гишүүн айлчлалаас сугарч үлдэнгүүтээ популизм туршиж үзлээ. Төсвийн реформыг харанхуйгаар эсэргүүцэгчид зөвхөн парламент дотор байсангүй, ордны гаднаас чулуу шидэх хүн цөөнгүй байлаа.

МАН дотор Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэгчид байгааг түүний түр эзгүй дэх улс төр хангалттай харуулав. Үндсэн хуулийн реформын хүрээнд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болж, МАН-ын жагсаалтад эрдэмтэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, багш нар, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн төлөөллийг түлхүү оруулсан. Улстөрчид, насаараа дарга хийх ойгүй шуналтнууд, бүлэглэлийн төлөөллүүдийг жагсаалтад багтаагаагүйнх нь төлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үзэн ядах нь энүүхэнд. Ямар сайндаа айлчлал хийгээд эзгүй байх хойгуур нь сурсан зангаараа Үндсэн хуулийн цэцэд Ерөнхий сайдаар томилогдсон шийдвэрийг цуцлуулахаар гомдол хүргүүлж байх вэ дээ. Шинэ цаг үе эхэлж байхад иймэрхүү хуучин улирсан баларсан улс төр газар авахгүй л дээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид хэнтэй зам нийлэх, эс нийлэхийг эндээс дүгнэж цэгнэх хэрэгтэй болж байх шиг байна. Шинэ 30 жил хулгайгүй, хулгайчгүй амьдрах ёстой. Төсвийн хэлэлцүүлэг халуухан болсноор парламентын засаглалдаа итгэх монголчуудын итгэл дахин сэргэлээ. УИХ-д эрүүл саруул сэтгэлгээтэй, авлига хулгайгаас ангид байх хүсэлтэй залуус олон орж ирсэнд олон нийт сэтгэл хангалуун үлдсэн. Хэдхэн жилийн өмнө ардчилсан парламентаа Ерөнхийлөгчийн засаглалаар солихыг хүсэгчид олон байлаа шүү дээ. Үндсэн хуулийн реформын үр дүн эхнээсээ ингэж мэдрэгдэж байгаа юм. Одоо төсвийн шинэчлэлийг улам гүнзгийрүүлж, цаашлаад баялгийн тэгш, шударга хуваарилалтын бодлогоо сулруулж болохгүйг энэ үйл явдлууд харууллаа. Төрөөс хумсалж хувалз болсон улстөрчдийг хүний, өөрийн гэхгүй зогсох ёстой газар нь зогсоохгүй, шүүрдэхгүй бол тэд Төрийн ордон дотор байсаар л байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...