Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал 2008 оноос хойш 16 жилийн дараа хэрэгжиж байна. Хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататгаж, хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Хоёр улс эртнээс ахан дүүсийн харилцаатай, эсгий туургатан ахан дүүс улс юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны уламжлалт харилцааг, стратегийн шинэ түвшинд гаргах түүхэн шийдвэрийг хамтдаа гаргалаа. Энэ нь хоёр орны харилцааны нэгэн шинэ үеийг эхлүүлэх түүхэн онцгой үе боллоо гэж үзэж байна. Казахстан улс нь төв азийн бүс нутагт дахь Монгол Улсын анхны стратегийн түнш орон болж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Ирэх он жилүүдэд хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүд, замын зураглалаа тодорхойлж чадлаа. Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монгол Казахстан улсын харилцааны эрх зүйн үндэсийг бэхжүүлэх, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг чухал салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх , Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгууллаа. Мөн хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй, өргөн хүрээнд хөгжүүлэхийг зорьж байна. Зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд тээвэр ложистикийн асуудал нэн чухал гэдэгт санал нэгдэж, зам тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр болон талт эрхзүйн механизмын хүрээнд тээвэр ложистикийн шинэ маршрут бий болгох, нислэгийн тоо болон чиглэлийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх хүрээнд 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулав. Хоёр талын худалдааны эргэлтийг 500 са ам.долларт хүргэж нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын худалдааг өргөжүүлэх хүрээнд Казахстан улсад хөдөө аж ахуйн чиглэлийн бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхээр тохирч, хоёр улсын билэг тэмдэг болохуйц төслүүдийг харилцан судлах зэрэг олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх болсондоо талархалтай байгаагаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев хэлэхдээ, “Энэ удаагийн айлчлалд онцгой ач холбогдол өгч байна. Монгол Улс бол энэ бүс нутагтаа бидний чухал хөрш орон юм. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Бат бөх эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа стратегийн түншлэлд ийнхүү хүрлээ. Бидний гарын үсэг зурсан хамтарсан тунхаглалууд хоёр орны нөхөрлөлийг улам бэхжүүлж, олон салбарт шинэ харилцаа холбоог хөгжүүлэхэд шинэ түлхэц болно. Айлчлал хүрээнд эдийн засгийн харилцааг сэргээхээр тохирлоо. Монгол Улс, Казахстан улсууд Азидаа томоохон оронд тооцогддог билээ. Тиймээс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн жил худалдааны эргэлт 150 са ам.долларт хүрсэн. Тус үзүүлэлтийг ойрын хугацаанд 500 са ам.долларт хүргэхийг зорьж байна. Үүний тулд эргэлтэд байгаа бараа бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах хэрэгтэй. Тиймээс хоёр орны Засгийн газраас бодитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.Казахстанд малын гаралтай өвчний эсрэг вакцин гаргаж авах боломжтой. Иймд цаашид Монгол вакцины үйлдвэр байгуулахаар тохиролцов. Түүнчлэн шинэ технологи, ашигт малтмалын баялаг, түүхий эдийг хамтран боловсруулах чиглэлд анхаарч, хөрөнгө оруулалтын талаар ч ярилцлаа. Энэ мэт олон асуудлын шийдлийг хамтдаа ярилцлаа. Монголын Казах иргэд бол хоёр орны бат бөх нөхөрлөлийн алтан гүүр билээ. Энэ ялдамд элэг нэгтнүүдэд анхаарал хандуулдаг Монгол Улсын Ерөнхийлөгч, ард иргэдэд талархал дэвшүүлье. Цаашид хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, уул уурхай, соёл хүмүүнлэгийн салбарт онцгой анхаарал хандуулж ажиллана” гэв.