Огимачи хүрээлэнгийн наран ээх зүгийг чиглүүлж Их Чингис хааны тахилгын ёслолын ширээг хүндэтгэн залжээ. Тахилгын ёслолд зориулсан идээг хадганд баринтаглан өргөсөн байх агаад эргэн тойронд монгол наадмын талбайг санагдуулам ижилсүүлж барьсан монгол гэрүүд, үндэсний идээ зоог олны нүд хужирлах аж.
Нийгмийн сайн, сайхан үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой Их Эзэн Чингис хааны тахилгын ёслол нь энэ жилийн хувьд 17 дахь “ой” дээрээ хүрч байгаа нь энэ юм. Анх япон инженер Ачиката сангийн санаачилсан эл үйл хэргийг Япон улсад амьдардаг, Эзэн Богд Чингис хааны тахилгын эрхлэгч, “Хөх туг” нийгэмлэгийн тэргүүн, боловсролын удирдлагын доктор (PH.D) У.Өргөн үргэлжлүүлдэг юм. Түүний ахалдаг “Их хааны тахилгын ёслол” нь жил ирэх бүр өргөжин тэлж, гадаадын жуулчид болон япон улсад амьдарч, оршин суугаа монгол иргэд өнцөг булан бүрээс зорьж оролцож буй нь үндэсний өв соёлын мэдээллийг хамгийн ойрхон замаас авах гэсэн олны хүсэл мэт байлаа. Тэрбээр энэ талаар ярихдаа, “Өнөөдрийн шинэ эрин зуунд хөл тавьж байгаа залуу үеийнхэн өвөг дээдсийнхээ үүх түүх, үнэт соёл өв уламжлалыг таньж мэдэх, эдгээрийг бусад улс орнуудад соёлын харилцааны зарчмаар сурталчлах нь бидний ажлын гол зорилго. Энэ зорилго дор олон монгол иргэд сэтгэл нэгдэж, нийлж өвөг дээдсийнхээ уламжлалт ёс заншлыг орхигдуулахгүй явах нь хойч ирээдүй бидний хувьд үүрэг билээ. Ийм болохоор Их тахилгын ёслолыг жил бүр алгасахгүй, зохион байгуулахад олон хүний сэтгэл зүрх, хичээл зүтгэл, хөдөлмөр шингэдэг. Ялангуяа энэхүү үйл ажиллагаанд сэтгэл нэгдэж цаг хугацаа, хөрөнгө оруулалт хийж оролцдог япон хүмүүст маш их талархдаг. Тэдний тусламжтайгаар өнөөг хүртэл уг арга хэмжээ ёслол төгөлдөр, бодит үр дүнгээ өгч эхэлсэн” гэдгийг онцолж байв.
Жил бүрийн сакура цэцэглэх цагаар тахилгын ёслолыг тогтмол зохион байгуулдаг нь дэлгэр цагт дээд тэнгэртээ өргөл барьж, ихэс дээдсээ амирлангуйд даатгаж, монгол зон олны хувь заяаг билэгшээдэг ажээ. Тиймээс хүчит 16 бөхийн барилдаан, морин хуурын аяс, үндэсний дээл хувцасны гоёл зэрэг нь тахилгын ёслолыг улам төгөлдөржүүлжээ. Япон өмсгөлөө, монгол бөхийн зодог шуудгаар сольж уран барилдаан үзүүлсэн япон залууд олон хүн баяр хүргэж харагдсан. “Хэдийгээр монгол бөхөд өвдөг шороодсон ч тэдний хүч чадал, ур мэхээр бахархаж байна” гэв. Мөн япон бүсгүйчүүдийн уламжлалт бүжиг тайзыг “амилуулж” байлаа. Тахилгын ёслолын үеэр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээний нэг нь монгол үндэсний хоолоо сурталчлах. Гадаадын жуулчид монгол хуушуур, бууз, цуйванг ихэд сонирхож байсан төдийгүй үндэсний брэнд бүтээгдэхүүн болох ноолуур, ноосон эдлэл, эсгий урлалд гар татахгүй байгаа нь анзаарагдсан. Талбай дээр тавигдсан бүхий л бүтээгдэхүүний гарал үүсэл, хаана үйлдвэрлэдэг, монголоос хэрхэн авчирдаг, энд дэлгүүртэй юу, Монголоос шууд захиалж болох уу гэх олон асуултыг асууж байсан юм. Үндэсний өв соёлын түүчээ, үндэсний бахархлыг омогшуулсан нэгэн өдөр ийнхүү өндөрлөж, ихэс дээдсийн үйл хэргийг хадганд баринтаглаж ёсчлон гүйцэтгэв.
Сэтгүүлч В.Сарантуяа
Осака хот. 2024.04.07-ны өдөр