ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан соёлын IX нэгдсэн чуулга уулзалтын үеэр Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд О.Любимова нар албан ёсны уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Ч.Номин сайд хоёр орны соёлын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дурдаад, Оросын нэрт археологич П.К.Козлов 1920-иод оны дундуур Судар бичгийн хүрээлэнтэй байгуулсан гэрээгээр шинжлэн судлаад, Монголын талд эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр Орос руу авч гарсан Ноён уулын олдворуудыг эх орондоо буцаан авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Ноён уулын өвийн асуудлыг судлах хоёр орны эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах саналтай ирснээ мэдэгджээ.
ОХУ-ын Соёлын сайд О.Любимова ажлын хэсэг байгуулах Монголын талын хүсэлтийг тус улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад хэргийн яаманд танилцуулан холбогдох чиглэл, дэмжлэг авч судлан үзэхээр тогтсон байна.


Хүннү нарын археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрбээр 100 орчим булшийг малтсан. Харин 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны “Монголор” нийгэмлэгийн техникч А.Баллод олж харж л дээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир чадаагүй юм билээ.