Дээрх үгийг манай шилдэг залуу сэхээтнүүдийн нэг доктор Д.Бум-Очир амнаасаа унагасныг олзуурхан шүүрэн авч гарчиглав. Хэдэн жилийн өмнө миний бие Ч.Сайханбилэгийн Засгийн газар Соёлын яамыг татан буулгахад “Соёлын яамгүй болбол харийн хавханд орно” хэмээн халаглан бичиж байсан юм. Бид улс орныхоо хөгжлийн маргаашийн бодлогыг “улстөрчид”-ийн улайрсан тэмцлээр, хэдэн “толгой”-г ямар ч үнээр хамаагүй эрхшээлдээ оруулах гэсэн хуйвалдааны сүүдрээр тодорхойлдог болчихов. Сэхээтнүүдээ чагнахгүй, ард түмнийхээ зүрхний цохилтыг сонсохгүй байна. Дэлхий ертөнц өнөөдөр дахин хуваагдлын ирмэг дээр ирчихлээ. Гэхдээ энэ нь дайн тулааны бус, соёл иргэншлийн мөргөлдөөний үр дүнд бий болох жижиг үндэстэнд тун халтай даяаршил гээч хүчтэй, мөнгөтэй гүрнүүдийн эдийн засаг-технологийн болоод соёлын түрэлтээс үүдэх юм. Нөгөө солонгос хоол, үс засалт, бариу өмд, Хятадын сайхан дуу хөгжим, мөнгөний халуун үнэр, Америкийн тархи эргүүлсэн шоу гээд тоочвоос даяаршлын сүүдэр үлэмж их болно. Үүний үр дүнд бид эх нутаг дээрээ монгол төрхөө өдрөөс өдөрт алдаж, бүрэнхийд савиран гүйлдэх нэгэн болж хувирсаар буйг анзаарахгүй бол дэндүү оройтлоо.