“60 тэрбум”-ын гэх хэрэгт шалгагдсан Ц.Сандуй УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн ч СЕХ гэнэт хассан байдаг. Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
Уг нэхэмжлэлийн дагуу зургаадугаар сарын 2-нд захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан байна. Улмаар зургаадугаар сарын 3-ны өдөр хариуцагч буюу СЕХ шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авчээ.
Ийнхүү 2020 оны зургаадугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуйг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгажээ.