Өнөөдөр Олон Улсын гэр бүлийн өдөр. Энэ өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон ажил хийж хэрэгжүүлж буй нэг нь амьдралд тулгардаг олон бэрхшээлээс болж хуримаа хийж, гэрлэлтээ батлуулж чадаагүй олон хүүхэдтэй залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэн, хуримыг нь Гэрлэх ёслолын ордны хамт олонтой хамтран зохион байгуулсан үйл явдал байлаа.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Гэрлэх ёслолын ордны дарга С.Үүрийнтуяа болон дүүргүүдийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, хамт олны очсон эхний айл нь Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд амьдран суудаг Б.Төрболд, Б.Гэрэлмаа нарын гэр бүл байсан. Б.Төрболдын том хүү нь 9 настай бол бага нь ихэр, дөнгөж нэг ой өнгөрч байгаа аж. Тэд 2011 онд айл гэр болсон ч хуримаа хийж чадаагүй гэдгийг гэрийн эзэгтэй Б.Гэрэлмаа өгүүлж байсан. Тэрбээр “Эмэгтэй хүн юм чин хуримаа хийх юмсан гэж боддог байсан. Гэвч ойр ойрхон төрөөд тийм боломж гараагүй. Бид хоёрын хувьд зөв гэр бүл байх юмсан гэж үргэлж хичээдэг. Манай гэр бүлд архи, тамхи хэрэглэдэг хүн байхгүй. Бид хоёрын зорилго бол хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, зөв хүн болгох юмсан гэсэн чин сэтгэл. Том хүү маань одоо гуравдугаар анги төгсч байгаа. Хичээл номондоо ч сайн. Мөн бид хоёр ээжийгээ асардаг. Төрийн албан хаагчид ирж, бидний гэрлэлтийг батлан хурим хийж өгсөнд үнэхээр их баярлалаа” гэж байсан.
Бидний очсон дараагийн айл нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошууны эцэст амьдардаг Э.Лхагвасүрэн, Д.Анхчимэг нарын гэр бүл байсан. Тэд гэр бүл болоод таван жил болж байгаа. Хоёр сайхан хүүтэй. Удахгүй охинтой болно. Одоо ээжийнхээ гэдсэнд бий хэмээн гэрийн эзэн инээж суусан. Тэд мөн л хуримаа хийж чадаагүй. Өнөөдөр ийм сайхан үйл явдал болж төрийн албан хаагчид гэрт нь зорин ирж ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсанд үнэхээр их баярлаж байна гэдгийг гэрийг эзэд мөн гэрийн эзэн Э.Лхагвсүрэнгийн аав, ээж нь хэлж байлаа.
Харин дараагийн очсон айл нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд амьдран суудаг З.Энхбаяр, С.Энхтуул нарын гэр бүл. Тэр хоёр гэр бүл болоод мөн л арав гаруй жил болж буй ч гэр бүлээ батлуулж чадаагүй аж. Гурван сайхан хүүтэй. Том нь 9 настай бол бага нь таван сартай. Нөхөр нь ажил хийдэг ч ээлжийн амралтаа авсан. Харин гэргий нь С.Энхтуул нь сэтгүүлч мэргэжилтэй ч хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Дунд хүү нь дөрвөн настай. Хүү нь булчингийн чангаралт гэсэн өвчтэй тул байнга эмчилгээнд явдаг гэж байсан. Мөн З.Энхбаярын ээж С.Цэцэгмаа “Би ганц хүүтай. Гурван хүү төрүүлж өгсөн дархан бэртэй. Төрийн албаны хүмүүс ийм сайхан өдөр ирж, хоёр хүүхдийн маань хуримын ажлыг зохион байгуулж өгсөнд их баярлалаа. Хүүхдүүд маань, залуу гэр бүлүүд амьдралд нь ямар ч асуудал тулгарсан эвтэй найртай байж хамтдаа ард нь гарч байгаарай” гэсэн юм.
Түүнчлэн энэ үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун З.Энхбаярын дунд хүүг 186 дугаар цэцэрлэгт явуулах, эмчлүүлнэ гэдгээ хэлж байсан юм.
Ийнхүү Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд болон хамт олны санаачилсан энэ ажлыг дүүргийн ГБХЗХХ, Иргэний бүртгэлийн хэлтэс, Гэрлэх ёслолын ордны удирдлага хамт олон болон ТВ-5 телевиз болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагад дэмжин оролцсон юм.
Ташрамд мэдээлэхэд, жил бүрийн энэ өдөр олон улсад төр улсыг бүрдүүлэгч гэр улсын сайн сайхан, бат бэх урт удаан амьдралын төлөөх, гэр бүлийн үнэ цэнэ, хосуудын зохистой харилцааны тухай, гэр бүл дэх жендэрийн эрх, тэгш байдлын тухай ярьж, өрх гэр бүл, ам бүлээрээ аз жаргалтай байхыг сануулдаг юм.
Энэ жил НҮБ-аас ОУ-ын Гэр бүлийн өдрийг угтаж, зөвлөмж чиглэл өгөхдөө COVID 19 цар тахлын аюулыг сануулж, гэр бүлээрээ хамтдаа эрсдэл багатай даван туулахын чухлыг сануулсан. Цар тахлын түгшүүрт үе дэлхий нийтээрээ хөл хорио тогтоож, онц байдлын хэмжээнд хүргэснээр улс орнууд, иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч, ядуурал, ажил орлогогүй болж, нийгмийн хямрал бий болгосноор үр дагавар нь гэр бүлд харилцааны бухимдал, зөрчил, хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт, хүүхдийн боловсролын алдагдлын хэлбэрээр илэрч байна.
Иймээс эмзэг өртөмтгий гэр бүлийг хамгаалах, ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхдийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж, онцгой байдлын үеийн гэр бүлд үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээнүүдийн бэлэн байдлыг хангах, гэр бүлийн хамгааллын арга хэмжээ авах, хүүхдээ хөгжүүлэх, теле хичээлд хамтдаа суралцах, ДЭМБ, ЭМЯ-аас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөгөөг бүх нийтээрээ даган мөрдөх, халуун ам бүлээрээ хамтдаа өнгөрөөж байгаа цаг мөч болгоныг эерэг уур амьсгалтай, нэгнээ дэмжсэн, хүүхэд хөгшдөө асарч хамгаалсан, амьдралынхаа хамгийн дурсгалтай мөч болгохыг нийт гэр бүлүүдэд уриалсаар байгаа юм.