Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ихээхэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй байх нь. Намууд нэр дэвшигчдээ зарлах хараахан болоогүй ч өнгөрсөн баасан гарагт бие даагчид урьдчилсан байдлаар тодорсон. Эндээс харахад өмнөх сонгуулиудад бие даагчдын тоо харьцангуй цөөн байсан бол энэ удаа олон бие даагч өрсөлдөх ажээ. Тэдний дунд сэтгүүлчдийн төлөөлөл нэлээн байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө боловсруулан аудитад өргөн бариад буй эдгээр сэтгүүлч, уран бүтээлчдийг сонирхвол, сэтгүүл зүйн салбарт олон жил нэр хүндтэй ажилласан эрхмүүд багтжээ. Тэд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс төрд хүч сорьж байгаад талархалтай хандаж байна. Сэтгүүл зүйн салбар бол иргэдийнхээ дуу хоолой болж, тэдний эрх ашгийг үргэлж дээдэлдэг онцгой салбар юм. Нийгмийг эрүүлжүүлэх, өөрчлөхөд сэтгүүлчдийн үүрэг оролцоо ихээхэн чухал учраас энэ удаагийн УИХ-д нэр дэвшиж өрсөлдөж буй бүх сэтгүүлчдээ дэмжиж ажиллахыг уриалж байна.