Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь өнгөрсөн 2019 онд зургаан бүлэг 31 заалт бүхий ажил төлөвлөн, бүрэн хийж хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд гэмт хэргийн гаралт 20.2 хувиар буурч, илрүүлэлт 8.2 хувиар, зөрчил илрүүлэлт 41.5 хувиар өссөн байна.
Нийслэлийн ГХУСАЗЗ цаашид эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгааны болоод тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэлийн хүрээнд нэлээдгүй ажил хийхээр төлөвлөжээ.
Мөн сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг ихэсч байна. Иймээс зөвлөлийн бүрэлдэхүүнд хар тамхитай тэмцэх чиглэлээр болон шинээр байгуулагдсан Экологийн цагдаагийн албанаас төлөөлөл оруулах шаардлагатай талаар зөвшилцсөн бөгөөд энэ чиглэлийн ажлуудыг 2020 онд түлхүү хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд цагдаа, хуулийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх аж.