Намын харьяалалгүй эрдэмтэд, салбарын шилдгүүдийг Т.Ганболд нэгтгэнэ

УИХ-ын сонгууль болоход 2 сарын хугацаа үлдэв. Дор бүрнээ таамаглал дэвшүүлж, аль нам ирэх парламентад илүүрхэх талаар мэтгэлцэнэ. Одоогийн байдлаар МАН, АН-ын аль нь ч илүүрхэх боломж хомс. АН-ын хувьд засагласан дөрвөн жилдээ улс орныг өрийн дарамтад оруулж, өөрсдөө тансагласан гэмтэй. Тухайн үеийн удирдлагуудын хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж, эхнээсээ аавын хаалга татах болсон.

МАН-ын хувьд хүн амь, хүчин, ЖДҮ, концесс гээд олон хэргийн сэжүүрүүд нь хуулийн байгууллагад хүргэгдэж, бүрэн эрхийн хугацаа нь дуусмагц мөнөөх АН-ынхаа жимээр цувж мэдэх нөхцөл байдал хүлээж байгаа. Тиймээс энэ удаагийн сонгуульд шинэ хүмүүс зонхилох магадлал өндөр хэмээн тоймчид таамаглаж байна.

Нөгөөтэйгүүр, УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахдаа томсгосон 29 тойрог бүхий олон мандаттай мажоритар тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Энэ хувилбарыг том зургаар нь авч үзвэл эдийн засагт ээлтэй, улсын хөгжилд тустай хэмээн үзэж байгаа. Хэдийгээр жижиг намуудад халгаатай ч танигдсан “поп”-уудад энэхүү хувилбар хамгийн ашигтай гэлцэнэ. Мөн парламентад хэзээ ч нэг нам үнэмлэхүй олонхи болох боломж олгохгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 30 гаруй улс төрийн нам бүртгэлтэй байна. Онолын хувьд тэгш эрхтэй боловч хөрсөн дээр эрх барьж буй хоёр нам давуу байдал, төсөв, эрх мэдлээр сонгуульд оролцсоор ирсэн. ИЗНН, МАХН гэхчлэн гуравдагч хүчин ганц, нэг кноп авсан түүхүүд бий. Бие даагчдын хувьд ч өдрийн од шиг ганц, нэгээр парламентад залрах ч аливаа асуудалд төдийлөн ач холбогдолтой оролцож байгаагүй юм.

Харин энэ удаагийн сонгуульд “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд бие даагчдаар багаа бүрдүүлэн сонгуульд оролцохоор содон өнгө, өнцөг гаргажээ. Ингэхдээ бие даан нэр дэвшигчдийн нэгдсэн платформд нэгдэх хүн нь боловсролтой, ёс зүйтэй, улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байх шаардлага тавьсан байна. Өөрийн ажиллаж байгаа салбартаа нэр хүндтэй, туршлагатай байхаас гадна ёс зүйтэй байхыг ч эрхэмлэж. Тэр дундаа олон нийтэд танигдсан, авлига, хээл хахууль болон  гэмт хэрэгт холбогдож байгаагүй нэр цэвэр нэгэн байхыг чухалчилсан байна. Түүний энэхүү шаардлагад нийцсэн хэд хэдэн ч хүн бий гэнэ. Эрдэмтэд, салбар салбарын мэдлэг, боловсролтой эрхмүүд нэгдэн орсон мэдээлэл эрчтэй тархаж байна. Тэд бусад бие даагч, эвслийнхнээс нэгдсэн нэг мөрийн хөтөлбөр, зохион байгуулалттай, сурталчилгааны агуулгатай ажиллахаараа онцлог аж.

Нэгдмэл санаа зорилго дор хоорондоо гэрээ байгуулна. Мэдээж зорилго нь том. Тэд парламентад бүлэг байгуулах, ядвал зөвлөлийн бүрэлдэхүүний тоонд хүрэхүйц сонгогдох учиртай. Нэр дэвшигчид бүгд сонгогдсонгүй гээд тарж бутрахгүй гэдэг бас авууштай бөгөөд сонирхолтой. Бие даагчдын нэгдсэн эл платформаас парламентад сонгогдсон нь хоорондоо холбоотой байж, аливаа асуудлын талаар байр суурь, санал бодлоо солилцон шийдвэр гаргаж байх аж.

Өмнөх парламентуудын туршлагаас харахад бие даагч ялалт байгуулсан ч УИХ-ын гишүүн болсны дараа өөрт ашигтай намын гишүүн болсон, эсвэл лоббидуулан иргэдийн төлөө ганц үг дуугарч чадахгүй байсаар ирсэн нь үнэн.

Өнөөгийн парламентад байгаа бие даагч болон МАХН-ын ганц гишүүн ч ганцаардаж, аливаа асуудалд төдийлөн ач холбогдолгүй байдлаар оролцож, эцэстээ чуулганд ховор үзэгддэг болсон нь ч үнэн юм. Иймд Т.Ганболдын энэхүү шийдэл шинэлэг өнгө төрхийг парламентад оруулж ирэхээс гадна бие даагчдын хүчин мөхөс явж ирсэн түүхэд өөрчлөлт хийж сонгогчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх сонирхолтой хувилбар харагдаад байгаа.

Ядаж 2 том намын нэрээр дулдуйдаж орж ирдэг, намдаа кнопын тоо төдийхөн ашиглагддаг халзан хурганууд цөөрөх, сонгогчдын хүссэн дуу хоолой болох үндэс суурь тавигдах боломж гэх дүгнэлтийг улстөр судлаачид мөн хэлж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ