Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар дамжуулан цахимаар мэдээлэл хүргэлээ.
Иргэдийн хайхрамжгүй байдал, хөл хорионы заавар зөвлөгөөг дагаж, мөрдөөгүйгээс дэлхийн хотуудад өвчлөл эрс нэмэгдэж байна гэж үзэж байгаа тул иргэд цаашид назгайрч, анхаарлаа сулруулж болохгүй, дэглэмээ үргэлжлүүлэн хатуу сахих шаардлагатайг Хотын захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ эхэнд онцгойлон анхаарууллаа.
Нийслэлийн хэмжээнд 8,000 гаруй цагдаа, 2,445 олон нийтийн цагдаа, 1,992 эргүүлийн ажилтан болон нэмэлтээр 3,824 хүн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгааг тэрээр албан ёсоор мэдэгдлээ. Харин гэр бүлийн хэмжээнд ууланд алхах, цэвэр агаарт гарахыг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ иргэд олноороо цуглахгүй, хоорондоо ойр явахгүй, орчныг бохирдуулахгүй, хог, нус шүлсээ ил задгай хаяхыг хориглох аж.
Халдвар тархалт улс орнуудад буурахгүй байгаа бөгөөд Азийн орнуудад дахин дэгдэх өндөр эрсдэлтэй тул Монгол Улс хоёр дахь давлагаанд бэлэн байх үүднээс өмнөх арга хэмжээг ийнхүү үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон гэргүй 382 иргэдийг бүртгэлжүүлж, 144 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгч үлдсэн иргэдийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Нийгмийн хамгааллын тусгай төвд байршуулсан байна. Эдгээр иргэдэд өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж, сургалтад хамруулаад байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Коронавирусийн халдварын тархалт эрчимтэй тархаж байгаа энэ үед Монгол Улсад тус вирус нь дотооддоо гараагүй гээд назгайрч болохгүй, эрүүл мэндийн байгууллагын гаргаж буй зөвлөгөөг хатуу чанд мөрдөх ёстой. Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын эрүүл мэнд, амь нас аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг ойлгож хамтарч ажиллахыг хүсэж байна. Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх шаардлагатай” гэв.