“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатыг урилаа. Түүнийг Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад анх уулзаж ярилцаж байв. “Нутаг амьтай” хэмээн олондоо хүндлэгдсэн тэрээр энэ хооронд төрийн болон төрийн бус байгууллагын олон шатыг дамжиж аймгийнхаа ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.
-Та Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хүртэл туулсан зам, орон нутагтаа хийсэн ажлыг тань сонирхоё?
-Анх 10 жилийн сургууль төгсөөд МУБИС-д сурахаар Улаанбаатарт ирж байлаа.
Сургуулиа төгсөөд ах, дүүсийн хамт жижиг бизнес эхлүүлж, хувийн хэвшилд амьдралынхаа төлөө зүтгэсэн. Түүний зэрэгцээ нийслэл дэх Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл ТББ-д амьдралынхаа зургаан жилийг зориулсан. Тухайн үед ТББ-ын хүрээг яаж тэлэх вэ, ямар хүмүүсийг хамруулах вэ, нутгийн хөгжил, залуусын боловсрол, соёл, зан заншил гэсэн олон чиглэлд сэтгэл, цаг заваа зориулж, сургууль дөнгөж төгссөн нутгийнхаа залуусыг ажлын байранд зуучлах ажлыг эрчимтэй хийж байлаа. Мөн төрийн байгууллагад 2007-2016 он хүртэл ГИХАЭЕГ-т харьяатын асуудал эрхэлсэн мэргэжилтэн, мөн захиргааны ахлах мэргэжилтнээр, Буянт-Ухаа боомтод ажилласан. 2013 онд нутагтаа томилогдож, гурван жил гаруй Гадаадын иргэн харьяатын албаны даргын албыг хашихдаа өөрийн эрхлэх ажлын хүрээнд орон нутгийн төсөв бүрдүүлэхэд анхаарсны дүнд тэрбум гаруй төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж байлаа. Газрын тосны жолооч нар албан паспортоор Бичигтийн боомтоор явж 200 гаруй сая төгрөгийн зохих хураамжийг чөлөөлүүлсэн байсныг зогсоож, иргэдтэйгээ хамтран тэмцсэний дүнд орон нутгийн дансанд 250 сая төгрөгийн визийн орлогыг жил болгон төвлөрүүлж чадсан. Ажилласан салбар болгондоо нутаг орноо бодож, яавал аймгийн маань хөгжилд нэмэртэй байх вэ, яаж хөрөнгө оруулалт татаж болох вэ хэмээн зүтгэж гадаад хөрөнгө оруулалтын хувьд ч тэр нутагтаа хөрөнгө оруулалтын чиглэлээр нэмэр болж ирлээ. Найзуудынхаа хүрээнд 2006 оноос “Жавхлант шарга” клуб байгуулан нутгийнхаа залуусын боловсролыг дэмжин ажиллаж байсан. Улсын олимпиадын хоёрдугаар шатны шилдэг сурагчдыг урамшуулах, Улаанбаатар хотод ахисан түвшинд бэлтгэх ажлыг гурван жил дараалан явуулсан. Сагсан бөмбөгийн баг анх гарч ирэхэд зардал, байр, хувцасны өртгийг клубын зүгээс шийдсэнээр энэ спорт манай аймагт нэлээн өндөр хөгжсөн. Энэ бол миний үүрэг бас хариуцлага, нутгийнхааа залууст туслах ёстой гэж бодож явдаг.
-Сүхбаатар аймгийн ИТХ хурлаа хийхгүй хоёр талцсан, төсөв, эдийн засгийн үндсэн чиглэлээ баталж чадахгүй амаргүй үед энэ байгууллагын дарга болсон санагдана. ИТХ ер нь ямар байгууллага вэ, одоо ямар байдлаар ажиллаж байна?
-Би улс төрөөс хол, нам эвсэл гэж явдаггүй байлаа. Орон нутагтаа томилолтоор ажиллах хугацаанд аймгийн АН-аас санал тавьсны дагуу гишүүнээр элссэн. Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдалд аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон. Ингээд улс төрийн зөрчилдөөнтэй, орон нутагт улстөржилт туйлширсан нэлээд хүнд үеийг давж гарсан. Тухайн үед ИТХ дахь хоёр намын эв нэгдлийг хангаж ажиллах хариуцлагатай бөгөөд түүхэн үүрэг аймгийн Засаг дарга бид хоёрын өмнө тулж ирсэн. Аль болох намчирхахгүй байх, нутаг орныхоо хөгжлийн төлөө эв нэгдлийг хангаж ажиллахыг гол зорилгоо болгосон.
ИТХ гэдэг хүн болгоны харж байгаа шиг их эрх мэдэл биш юм. Аймаг, орон нутгийн төлөө санаа бодлоо илэрхийлдэг ч хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Бусад цагт цөөхөн хүнтэй цомхон аппарат. Яг ажлын албаны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэргүүлэгчдийн хурлаар орон нутагт тулгарсан асуудлыг шийддэг. Сум, орон нутгийн ИТХ-ын тухайд ажил багатай байна гэсэн гомдол иргэдээс ирдэг. Гэвч хуулийн хүрээнд ажиллаж байгаа байдал нь тэр юм. Төсвөө батлаад хурлаараа хамтын шийдвэрээ гаргаад өгчихвөл цаашид үүрэг маш бага. Түүнээс биш хийх ажил байгаа бол тухайн хүн хийгээд л явна. Эсвэл улстөржөөд завгүй байх ёстой юм уу гэдэг асуулт гарна байх. Яг нарийндаа бол ИТХ-ын даргын хувьд хийх ажил бага шүү дээ. Засаг даргын эрх үүргийг хуваарилах зарчмаар юм уу, жишээ нь боловсрол, эрүүл мэндийн салбарыг ИТХ-ын дарга хариуцана гэх мэтчилэн хуульчлаад явбал энэ хүрээнд үүрэг хариуцлага ирнэ. Энэ нь аймгийн ИТХ-ын даргын хувьд ч адилхан. Энэ өнцгөөс бид ч бас шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, Засаг даргын үүргийг хуваариллаа гэхэд ИТХ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарыг хариуцаж явах ч юм уу, иймэрхүү чиглэлтэй байвал үр дүнтэй байхаар санагддаг. Үүний зэрэгцээ орон нутагт намчирхалыг багасгахгүй бол улстөржилт газар авч ажилдаа анхаарахгүй тиймэрхүү зүйлд сатаарч хагарал бутралд автах хий улстөрчих байдал анзаарагддаг.
-Танай аймгийн ИТХ соёлын өвийг хамгаалах чиглэлээр ихээхэн анхаарал хандуулдаг санагдсан?
-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ч, аймаг орон нутгийн хувьд ч соёл, боловсролын асуудалд анхаарах байдал маш муу байна. Иймд энэ асуудлыг анхаарч нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллаж ирсэн. Түүхийн үнэт дурсгалуудаа хулгайд алдах, хаашаа явж байгааг нь мэдэхгүй байх асуудал байдаг. Үүнд сэтгэл эмзэглэхийн зэрэгцээ анхаарал хандуулж аймгийн үзмэрүүдийг музейн уран бүтээлчидтэй хамтран бүртгэж бүртгэлжүүлэх, хүн чулуудыг бүртгэхэд анхаарч ажилласан. Цаашид соёлын өвөө яаж хадгалж хамгаалах вэ, машин мотоциклийн хэрэглээг хэрхэн бууруулах вэ, малчдын бэлчээрийн бодлого ямар байх талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж ирлээ. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс монгол ахуйг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадмыг жил бүр зохион байгуулж, Өвөрмонголын “Одон” телевиз болон хэвлэл мэдээллийн бусад байгууллагатай хамтран сурталчилдаг уламжлал тогтсон. Энэ наадмыг монгол адуу дагасан өв соёл, түүнийг түгээн дэлгэрүүлэх, малчин залууст урам зориг өгөх, нөгөөтэйгүүр хил орчмын аялал жуулчлал, тэр дотроо Сүхбаатар аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн. Тэмцээний тухайд улс, бүсийн чанартай зохион явуулдаг. БНХАУ-аас, Өвөрмонголын зарим аймаг, Авга хошуу, Хөлөнбуйраас адуучид ирж оролцдог. Энэ боломжийг ашиглан хувийн хэвшлийнхэн хэрхэн хөрөнгө оруулалт татах нь тухайн байгууллагын хариуцлагын асуудал юм. Ирэх жил улсын хэмжээнд “Хүлэгч эрсийн наадам”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн. “Одон” телевиз бидний үйл ажиллагааг нэвтрүүлэг болон гэрэл зургийн наадам, мэдээ мэдээллээр сурталчлан дэлхийн 57 улсад хүргэсэн.
-Сүхбаатар аймгийг адууны орон, хурдны өлгий гэж ярьж, бичдэг ч албажаагүй явж ирсэн. Таныг ИТХ-ын даргаар ажилласан он жилүүдэд адуун соёлын төв болгож зарлаж, түүнийгээ баталгаажуулсан гэж ойлгосон?
-Монгол адуу бол тал нутгийнхны уламжлалт ёс заншил, амьдралын өвөрмөц хэв маяг, цаашлаад Монгол Улсын соёлын өв, үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг юм. Иймд монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургийн хальсанд буулган олон улсын түвшинд сурталчлан таниулах, хил орчмын өвлийн аялал жуулчлалын маршрутыг тогтоож тогтвортой хөгжүүлэх зорилго бүхий “Агтана хүрээт” төслийг санаачилсан. Улмаар “Хүлэгч эрсийн тэмцээн”, олон улсын гэрэл зургийн наадмыг зохион байгуулж, Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв” болгох санаачилга гаргаж ИТХ-д танилцуулсныг хурлаараа хэлэлцээд дэмжиж тогтоол гаргасан.
-Одоо асуултаа жаахан өөрчлөөд таны удам судрын тухай асуумаар байна. Таны ургийн овог Ду ноён гэж байгаа нь анхаарал татлаа. Энэ хүн Дарьгангыг урдирдаж, гавьяа байгуулж явсан түүхтэй “Уулын Ду ноён” мөн үү?
-Дарьганга сумыг анх үүсгэн байгуулсан 17 хүний хоёр нь манай ээжийн аав ээж хоёр, нэг нь аавын өвөө нь юм. Манай өвөө Загарын Гэндэн гэж хүн байлаа. Хэлмэгдүүлэлтийн үед ахаараа овоглодог байж. Загар гуай нь Дарьганга сумын анхны нэгдлийн дарга, өндөр нуруутай, бүдүүн хоолойтой, нутаг усандаа хүндлэгдсэн хүн байсан гэдэг. Уулын Ду ноён буюу Дарьганга хошууны таван гарын нэг болох Баруун гар адуун сүргийн дарга Дугарсүрэн гэж хүн манай өвгөд дээдсээс түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн нутаг орныхоо нэрт зүтгэлтэн юм. Иймд бид ургийн овгоо болгож нэрлэсэн.Уулын Ду ноён манай өвөө шиг бүдүүн хоолойтой, өндөр том биетэй, цэвэрч хүн байсан гэлцдэг. Тэр үед “Дугар ах ирлээ” гээд тэр хавийн бүх айл гэрээ цэвэрлэдэг байсан гэж хуучцуулын аман яриа байдаг. 1913 оны үед хил орчмын нөхцөл байдал ээдрээтэй цаг үед Зүүн өмнө хязгаарыг төвшитгөн тогтоох цэрэгт тухайн үед 272 тооны агт адуу хувиасаа нийлүүлж тус хүргэсний улмаас бэйс зэргээр шагнуулж явсан юм байна лээ. Ээжийн тал болохоор Айлтгүй гэж Дарьганга сумыг үүсгэн байгуулсан анхны 17 хүний нэг нь юм.
-Сүхбаатар нутгийн түүхт хүмүүс дор бүрдээ улс орныхоо төлөө гарамгай гавьяа байгуулж байжээ. Егүзэр хутагт гэхэд зүүн өмнөд хязгаарыг хянан тохинуулахын зэрэгцээ одоогоор бол экологич хүн байж. Ингэхэд хутагтын нутагшуулсан бугын сүргийг хамгаалалтад авч аялал жуулчлал хөгжүүлэх тань юу болсон бэ?
-Эрдэнэцагаан сум байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт газар олонтой. Тэнд Егүзэр хутагтын гардан нутагшуулсан нутгийн ард түмний хайртай бугын сүрэг нутаглан өсч үржиж ирсэн нь сүүлийн үед Бичигтийн боомтыг чиглэсэн уул уурхайн тээврийн зам явах болсноос шалтгаалж бугын идээшсэн нутаг бэлчээр, нүүдэл хийх газар, намар орой Араатын уул руу бэлчих газар хумигдаж малчдын суурьшлын бүс болж хувирсан. Иймд аймгийн ИТХ-ын зүгээс сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд ярих болсон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой уялдуулж, мөн аймагтаа бий болгоод байгаа өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох “Агтана хүрээт” соёлын арга хэмжээг баяжуулан хутагтын бугыг өсгөж үржүүлэх, хамгаалах чиглэлд анхаарал хандуулахыг зорьж байна. Энэ хүрээнд Бичигтийн боомтын ойр оршдог Зүүн, Баруун Араат уулыг байгалийн цогцолбор болгоё гэсэн санаачилгыг гарган сумын Засаг дарга, ИТХ-ын даргад санал хүргүүлсэн. Төв аймгийн нутаг дахь Хустайн нурууны цогцолбор газрын захиргаа, удирдлагуудад санал тавьж ярилцсан. Бугын сүрэг, ургамлын судалгааг хийж өгч хамтарч ажиллая гэсэн. Түүний зэрэгцээ тахийн сүргийн тоо толгой мянгад хүрэхэд шинэ суурьшлын бүс нутаг хэрэгтэй. Иймд та бүхний саналыг дэмжиж ажиллая гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд сумын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчдийг хамруулан Хустайн нурууны цогцолбор газартай танилцах аялал зохион байгуулсан. Сумын иргэдэд ч санал, танилцуулгыг удаа дараа хүргүүлсэн. Гэвч өнөөг хүртэл Эрдэнэцагаан сумын ИТХ шийдвэр гаргаагүй байна. Хутагтын буга одоогоор 300 толгойд хүрсэн. Ган гачиг, дэлхийн дулааралтай холбоотой булаг шанд ширгэж усны хүртээмж багассанаас айлын малтай хамт хүний гаргасан худгаас усаа хувааж уух, мөн газрын тос, нүүрс тээвэрлэлтийн замаар хөндлөн гарч нүүдэллэх эрсдэлтэй байдал тулгарах болсон. Иймд бугын сүргийг хамгаалах асуудлыг хөндсөн. Эрдэнэцагаан сумынхан байгалийн цогцолбор газар байгуулах шийдвэрээ гаргавал Егүзэр хутагтаас хойш талын бугын төлөө хэрэгжүүлж буй буянтай үйлс болно гэж бодож байна. Мэдээж ийм цогцолбор газартай болчихвол буга тайван идээшилж нутаглахаас гадна бусад ан амьтан өсч үржинэ. Ирээдүйд та бидний очиж аялах дуртай томоохон цогцолбор бий болно. Ийм алхам хийхгүй бол сүүлийн үед идэвхжиж байгаа уул уурхай, тээврийн цуваанаас үүдэлтэй бугын сүрэг дайжих, ан амьтад цөөрөх аюул бий.
-Эрдэнэцагаан сумын нутагт одоо ан амьтан нутагшуулах боломж хэр байдаг юм бол?
-Энэ нутгийн байгаль, цаг уурын нөхцөл тун өвөрмөц. Эрт цагт цагаан тарвага, цагаан чоно, зэгсний зэрлэг гахай байсан гэж ярьдаг. Егүзэр хутагт тарвага нутагшуулж, одой морь, аварга могой тэжээж, хайлаас тарьж ургуулж ирсэн. Тэр бүү хэл заан, баавгай хүртэл сонирхож байсан гэлцдэг. Эрдэнэцагаан сумын нутаг Хурангийн ууланд гандигар гэж ховор сонин мод ургадаг. Бонго, хунчир, эрэвгэр, жирэвгэр, түмэн зангилаа гэсэн эмийн ховор ургамал ургадаг. Бүс нутгийг байгалийн цогцолбор болговол ан амьтад нутагшуулахаас эхлээд өвөл цаг хүндэрсэн үед өвс ургамал, тэжээлийн бааз байгуулах гэсэн олон ажил санаачилж хэрэгжүүлэх бололцоотой. Эрдэнэцагаанд тахь, аргаль аваачиж нутагшуулбал амархан дасч идээших байх. Мөн цагаан зээр хамгаалах ажлуудыг хийж байна.
-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тухайд та юу хэлэх бол?
-Уул уурхай гэхээр “хадны мангаа” биш шүү дээ. Зөв бодлогоор хөгжүүлбэл түүнийг дагаад орон нутагт хөгжил ирнэ. Зөв зүйл ямагт ашиг шимээ өгдөг. Уул уурхайг нутаг орон, хүн ард, ургамал амьтан гээд бүх түвшинд нь уялдуулж зөв хөгжүүлэх хэрэгтэй. Тооцоо, судалгааг гол болгоогүй хэтэрхий “попорсон” тэмцэгчдэд би дургүй. Сүржигнэж, засаг захиргааны байгууллагаар бичиг цаас барьж явдаг. Тэгсэн атлаа цаана нь мөнгө төгрөг авч шантааж хийх маягаар тэмцсэн дүр эсгэдэг хүмүүстэй бид хамтарч ажиллахгүй. Үнэхээр тахилгатай уулыг нь ухаж, ус голыг ширгээж, айл өрхийн өвөлжөө, хаваржаа амар тайван байдлыг алдагдуулж буй бол шаардлага тавьж тэмцэнэ. Мэдээж харилцан шүтэлцээтэй байж нутаг ус хөгжинө. Жишээлбэл, хүрэн нүүрс гэхэд л дэлхийн зах зээл дээр утаа тортогноос болж хэрэглэхээ зогсоож байна шүү дээ. Бид хилд хэтэрхий ойрхон байна ч гэдгийг хориглох нь утгагүй. Бид баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах ёстой. Тэгж байж аймаг орон нутагт шаардлагатай байгаа аль нэг салбарт хөрөнгө оруулалт татаж чадна. Хамгийн гол нь зөв бодлого, хариуцлага, сахилга бат чухал. Энэ үүднээс уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хариуцлагын гэрээ байгуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. АМНАТ-ын татвар гэхэд л Сүхбаатар суманд 4.5 тэрбум, Сүхбаатар аймагт нийгмийн хариуцлагын хүрээнд 2.5 тэрбум гэх мэтчилэн төсөвт төвлөрдөг. Үүнийгээ олон салбар руу тарааж цацах бус энэ жилийн 2.5 тэрбумаар нэг эмнэлэг баръя гэх юм уу, томоохон бүтээн байгуулалт руу хандуулж үр ашигтай зарцуулах хэрэгтэй гэсэн байр суурийг байнга илэрхийлдэг. ИТХ асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг учраас ганц миний санал тэр бүр олонхийн дэмжлэг авч чадахгүй байх нь бий. Ийм байдлаар төсвийг жижиг сажиг зүйлд үрэн таран хийж байгаад миний хувьд харамсч явдаг. Энэ мөнгийг нийгэм рүү чиглэсэн байдлаар томхон бүтээн байгуулалтад зарцуулж чадвал сайн. Жишээ нь аймгийн хэмжээнд өв соёлын томоохон музейтэй болж болно. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтыг жил дараалуулан цогцоор нь шийдэж явбал орон нутгийн хөгжилд хамгийн чухал алхам болох юм. Гэвч санаа нийлэх, үгүй нь ИТХ дахь тухайн төлөөлөгчдийн ухаан бодлын асуудал болоод байдаг.
-Танай аймагт уул уурхайн хэчнээн компани байдаг юм бэ?
-Сүхбаатар аймагт уул уурхай гэж их ярьдаг яг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь ховор. Нийт 14-15 уурхайтай. Тогтвортой явж ирсэн нь “Цайрт минераль”, “Цахиурт овоо” болон ганц хоёр жоншны уурхай бий. Нүүрсний уурхай байнгын зөрчил маргаан, дотоод асуудлаасаа болж одоо болтол тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.
-Нутагтаа ажиллаж, амьдарч байгаа залуу хүний хувьд аймгийнхаа хөгжлийг том зургаар авч үзвэл ирээдүйг нь та юу гэж дүгнэж байна?
-Мэдээж олон талаас нь хардаг. Хөдөө орон нутагт сүлжээ хоолны газрууд, том дэлгүүрүүд бий болоход Мэргэжлийн хяналтын байгууллага шалгах үүрэгтэй ч саад тотгор болж байгаа санагддаг. Энэ нь нэг талаар стандарт хэмжил зүйн хэтэрхий өндөр шаардлага, европ стандартыг орчуулж тавьснаас болдог. Аливаа бизнес хийхэд их дарамт үзүүлдэг. Энэ нь бизнесийн салбарт дөнгөж хөл тавьж, гарааны биенес эрхлэх гэж буй хүмүүст төвөгтэй, сөрөг үр дагавар авчирдаг. Азийн орнуудад очиход дуртай газраа цай хоолны үйлчилгээ авдаг, Монголд болохоор гадаа суугаад хоол идэж болохгүй, гудамжинд зогсоод ногоо зарж болохгүй болчихоод байдаг. Стандарт хэмжил зүйн тавигддаг шаардлагууд дээрээ нутгийн онцлог, Азийн орнуудын зөвшөөрсөн стандартыг харгалзсан өөрийн стандартыг бий болгохгүй бол амьдралд нийцэхгүй байна. Газарт ургасан ногоог авчраад газар дээр тавиад зарахад заавал лангуутай бай гэдэг. Энэ нь нэмүү өртөг үүсгэх шалтгаанболдог. Энэ тал дээр төр, засгийн зүгээс анхаарч дүрэм журмаа эргэж хараасай гэж боддог.
Мөн хүн ам, малын тооллого байна. Хэдэн оны ямар журмаар тогтоосон юм бэ бүх дарга нарыг дайчлаад томилолт, шатахууны их зардал гаргадаг. Тэгсэн атлаа гадаа цасан шуурганаар мал тоолоод даарч бээрч зогсох нь цөөхөн. 300 өрхтэй багт багийн Засаг дарга нь хариуцаад нэгдсэн тооллогыг цахимаар хийчих боломжтой. Жишээ нь, Өвөрмонголд дрон нисгээд тоог нь авчихдаг. Ингэж техникийн дэвшлийг ашиглахгүй их үрэлгэн зардал гаргаж байгаад гайхдаг. Яагаад шинэ зүйлийг хүлээж авахгүй байна вэ гэдгийг нэг удаа Засгийн газрын хурал дээр асуутал хариуцсан дарга нь их уурлаж байсан. Ийн амархан шийдчих жижиг зүйлүүдэд дэвшил гаргахгүй байгаа нь цаанаа жижиг сонирхолтой холбоотой байж мэдэх юм. Түүнчлэн Монгол орон дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай атал 100 жилд болоогүй хүйтэн болно гэх мэтчилэн сөргөөр мэдээлж, асуудлыг хүндрүүлж бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргэж байдгийг болих хэрэгтэй. Байгалийн шалгарал байнга явагддаг зүйл, эрсдэлтэй үед туслах нь зүйн хэрэг. Нийгмийн халамжууд ч гэсэн “Тэжээх тусам тэнэгрэлд ордог” гэгчээр бодох л асуудал. Үндэстнийг мөхөөхийн тулд бэлэнчлэх сэтгэлгээг хөгжүүлдэг гэдгийг түүхэн сурвалжуудаас харж болно. Манж улс хэтэрхий ямбалж, бэлэнчлэх сэтгэлгээнээс болж сөнөж устсан түүхтэй. Монголчуудын халамж хавтгайрсан. Энэ бол юу ч байсан хийж чаддаг, гараад модоо хөрөөдөөд хагалчихдаг, цахилгааны утсанд гарсан гэмтлийг засчихдаг, хэвлэлээ захиалж уншаад, ойлгосноо олон талаас нь эргэцүүлээд оношлоод ярьчихдаг. Ямар ч зүйл тулгарсан даваад гардаг 1960, 1970-аад оны супер монгол хүнийг алга болгож аажмаар устгаж байгаа муу бодлого гэж хувьдаа үздэг. Иймээс халамжаас татгалзаж, малжуулах, гэржүүлэх төслийн оронд өөр зүйл сэтгэж хийх хэрэгтэй. Малжуулах төсөл, эсвэл халамжаар өсч дэвжсэн монгол хүн гэж би бараг дуулаагүй. Аваад байдаг, улам авах сонирхол нэмэгдээд байдаг. Аль болох ЖДҮ эрхлэгчдээ дэмжиж, ажилгүй иргэдээ ажлын байраар хангаж дэмждэг систем рүү явахгүй бол зүгээр тэжээгээд л байвал монгол хүн бэртэгчин болж байна. Өнөөдөр төрийн мөнгөөр баяжсан нэг хэсэг, төрөөс тэжээлгэдэг тэтгүүлдэг сүрэг байхад, амьдралын төлөө тэмцэж яваа алтан дундаж иргэдэд хайр халамж хүсэхгүй амьдралын төлөө тэмцэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин