Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 04-07-ны өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн өвлийн хотуудын бага хурал”-д оролцоод ирлээ. Энэ удаагийн дэлхийн өвлийн хотуудын бага хурал олон улсын цас мөсний баярын хүрээнд зохион байгуулагдсан. Бага хуралд Харбин хотын дарга Сүнь Жө болон ОХУ, БНСУ, Монгол, Герман, Япон зэрэг 21 орны 40 гаруй хотын төлөөлөгчид оролцож, өвлийн хотуудын ухаалаг бүтээн байгуулалтын асуудлуудыг хэлэлцсэн юм. Оролцогчдын нэгдсэн санал хураалтаар нүүрстөрөгч багатай эрүүл хотыг бүтээн байгуулах, дижитал технологийг хотын менежментэд нэвтрүүлэх, өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн хотуудын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны механизмыг бий болгож, хотуудын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, технологи, боловсрол, соёл, ухаалаг хотын бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг урагшлуулах уриалга бүхий “Харбин хотын санаачилга”-ыг батлав.
Бага хурлын үеэр Харбин хотын шинэ чөлөөт бүсийн танилцуулга хийгдсэн юм. Шинэ чөлөөт бүс нь нийт 493 ам км талбайг хамрах бөгөөд мэдээллийн технологи, шинэ эрчим хүч, шинэ материал, дэвшилтэт тоног төхөөрөмж, соёл аялал жуулчлал, эко хүнсний үйлдвэрлэл, эм тариан үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөгджээ. Мөн хурлын үеэр Этиоп Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Итали Улсын Калабрия бүсийн Бизнес эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагаас өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан илтгэл тавилаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар Харбин хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын зөвлөх ноён Цүй Юйпинтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцов. Уулзалтын үеэр хурандаа Ж.Болдбаатар Харбин хотын Гадаад харилцааны газрын удирдлагуудад Улаанбаатар хотын тухай товч танилцуулж, уур амьсгалын хувьд ижил төстэй байдгийн хувьд хоёр хот цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлэв. Харбин хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын зөвлөх Цүй Юйпин нь урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Улаанбаатар хоттой найрамдалт хотын харилцаа тогтоох саналыг дэвшүүлэв.