“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно. Энэ хуралтай холбогдуулан тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтдаа тодотгол хийж 700 орчим тэрбум төгрөгийг хэмнэж чаджээ. Тодруулбал, 2019 онд 480 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөсөн байсан бол 397 тэрбум төгрөгийг хасч 83 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болж, мөн олон улсын зөвлөх үйлчилгээнд зарцуулах байсан 200 гаруй тэрбумыг хассанаар нийт 700 орчим тэрбум төгрөгөөр дэд бүтцийн томоохон төслүүдээ санхүүжүүлэх боломжтой болсон байна.
Танасан 600 орчим тэрбум төгрөгөөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын эхний ээлжийн санхүүжилтийг өөрсдөө хийх юм байна. “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нүүрс боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн тээвэрлэх стратегийн чухал зам. Энэ зам ашиглалтад орсноор дөрвөн гарц нээгдэх бөгөөд нүүрснээс олж буй одоогийн орлого 4-5 дахин нэмэгдэх ажээ.
УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд тус компани 5 чиглэлээр төслүүдээ санхүүжүүлж уурхайн олборлолтын хүчин чадлыг бүрэн ашиглахаар төлөвлөсөн байна. Одоо жилд 15 сая тонн нүүрс олборлодог бол үүнийгээ 35 сая тоннд хүргэнэ., мөн нүүрс боловсруулах үйлдвэр барина, төмөр зам авто замтай болно, хими технологийн үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөж буйгаа гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дуулгалаа. Энэ таван төслийн хүрээнд ажлаа хийснээр борлуулалтын орлого 2.1 тэрбум ам.доллар хүрч ,ногдол ашигт 800 сая ам.доллар төвлөрүүлэх аж. Мөн 5-10 мянган хүний хот байгуулах ажил эхлүүлнэ гэв.
2019 онд олон улсын зах зээлд дээр компанийн 30 хувийг IPO болгон гаргана. Эхний хөрөнгө оруулалтыг компани өөрөө хийнэ. Хоёрт, дунд болон эцсийн шатны хөрөнгө оруулалтыг компаниудтай хамтран босгоно. Сүүлийн шатны хөрөнгө оруулалт цэвэр бизнесийн буюу өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалт байдаг учраас бизнесийн салбарынхан дэмжиж ажиллах боломжтой гэдгээ ч танилцууллаа.