Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт 2019 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Өмнөговь болон Дорноговь аймагт албан томилолтоор ажиллалаа.
Энэ үеэр томилолтын ажлын хэсгийн гишүүд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын суурь бүтцийн байдалтай танилцаж, төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх эрх авч, үүрэг хүлээсэн “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн ажилчидтай уулзалт хийв. Өмнө нь тавигдсан төмөр замын доод, дээд шороон суурь бүтцийн гүйцэтгэл 51.8 хувьтай бөгөөд цаг агаарын нөхцөл байдал, хугацааны алдагдлаас үүдэн 10 гаруй сая ам.долларын нөхөн сэргээлт хийх шаардлагатай болжээ. Цаг алдах тусам хүлээх хохирол нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс хэлж байв. Төмөр замыг барьж ашиглалтад оруулахад нийт 547 сая ам.доллар шаардлагатай аж.
Монгол Улсын Засгийн газрын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх бодлогын нэн тэргүүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах зорилт тавигдаж байгаа юм. Төмөр зам баригдсанаар 1200 гаруй ажлын байр шинээр бий болж, нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам.долларын зардал дөрөв дахин буурч 8 ам.доллар болохоос гадна, төмөр замаар жилд дангаар 30 сая.тонн хүртэл нүүрс экспортлодог болох юм.
Мөн жилд Улсын төсөвт 20-28 сая хүртэл ам.долларын татвар төвлөрүүлж, Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлж нүүрс тээврийн зам дахь аваар осол бусад хүндрэлүүд бүрэн шийдвэрлэгдэж, уурхайн аман дээрээс тонн тутамд 74 ам.доллараар борлуулагдаж байгаа нүүрсний үнэ 120 ам.доллар, цаашилвал нэмүү өртөг шингээж тээвэрлэсэн тохиодолд 200-300 хүртэл ам.долларт хүрэх боломж бүрдэх юм.
Нэг л жишээ авахад төмөр зам ашиглалтад орсноор зөвхөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалтын орлого гэхэд 1.9 их наяд төгрөгөөс 5.1 их наяд болж цэвэр ашиг нь хоёр их наяд төгрөгт хүрч өнөөгийн түвшингээсээ даруй 2,7 дахин нэмэгдэх юм. Улмаар төмөр замаар Хятад Улсын нутаг, түүний далайн боомт, гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэх юм.
Иймд Монгол Улсын Засгийн газраас Төмөр зам барих ажлын эхний 30 хувийн санхүүжилтийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн цэвэр ашиг орлогоор, 70 хувийг зээлээр санхүүжүүлэх зорилтыг тавьж буй. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар танилцуулга хийж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээ ЗГХЭГ-ын дарга хэлсэн юм.