Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоон мэдээллийг хүргэлээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр 131 улсын 28,268 гадаадын иргэн оршин сууж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар БНХАУ-ын 6993 иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон. Мөн сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 32 удаагийн зарлигаар 1829 иргэнийг Монгол Улсын харьяатаас гаргасан. Мөн хугацаанд манай улсын харьяат болсон иргэдийг улсаар нь авч үзвэл ХБНГУ-аас гурав, ОХУ-аас найм, БНХАУ-аас долоо, БНЭУ-ын нэг иргэн байна” гэлээ.
Монгол Улсад 9929 иргэн хөдөлмөр нийгмийн чиглэлээр оршин сууж байгаа бөгөөд үүнээс нийт олгосон зөвшөөрлийн 82 хувийг хятад иргэд эзэлж байгаа аж.
Манай улсад гадаадын иргэд оршин суух 29 зөвшөөрлийн хэлбэр байдаг. Үүнээс 21,497 иргэн голлох дараах таван ангиллаар оршин сууж байна. Үүнд:
Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд- 2695
Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэд буюу тэдний гэр бүлийн гишүүд- 11,114
Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд сурч буй иргэд- 2773
Аж ахуйн нэгж байгууллгад хөрөнгө оруулагч- 2989
Цагаач, харьяалалгүй иргэн 1927 байгаагаас ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байгаа аж.
2019 онд 1633 гадаадын иргэн зөрчил гаргасныг хяналт шалгалтаар илрүүлж, 372 иргэнийг албадан гаргасан байна. Гадаадын иргэд ихэвчлэн бүртгэлийн журам зөрчих, визийн хугацаа хэтрүүлсэн, хөдөлмөр эрхлэх журамыг зөрчиж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн мэдээлэл өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 8.6 хувь өссөн, хилийн боомт дээр олгосон жуулчин ангиллын визийн зөвшөөрөл мөн өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 20 хувиар өссөн судалгаа гарчээ.
144 улсын 23 мянга гаруй гадаадын иргэнд 30 хоногоос дээш хугацааны виз олгосон талаар мэдээллээ.30 хоногоос дээш хугацаатай Монголд зорчих гадаадын иргэний визийг Гадаадын иргэн, харьяатын газар хариуцах бол 30 хоногийн доторх визийг дипломат төлөөлөгчийн газар олгодог байна.
“Цахимаар виз олгох үйлчилгээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-нээс цахимаар виз олгож эхэлсэн. Энэ жил Монгол Улсад суралцахаар ирсэн оюутнуудын тоо 28 хувиар нэмэгдсэн” гэж Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хэллээ. Түүнчлэн Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадаас авах ажилчдын тоог багасгана гэсэн байр суурьтай байна. 2018 онд 8428 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгсөн бол энэ жилийн үзүүлэлт 6993 болсон нь 17 хувийн бууралттай байна” хэмээлээ.