МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Бизнес өглөөний цай” уулзалтад Байгаль орчны сайд Н.Цэрэнбат оролцон аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг ААН, хувь хүмүүст салбарын өнөөгийн байдал, цаашид хийгдэх ажлуудын талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад нь хариуллаа.
Жил бүрийн 9 дүгээр сарын 27-нд тохиодог Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан хийсэн уг уулзалтад тур оператор, жуулчны бааз, зочлох үйлчилгээний бизнес эрхэлдэг 80 гаруй компанийн төлөөлөл 100 орчим хүн оролцлоо.
Н.Цэрэнбат сайд хэлэхдээ,Аялал жуулчлалын салбар нь 2020 он гэхэд 2,5 их наяд буюу 1 тэрбум ам.долларын орлоготой, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болно. Гэхдээ бидэнд шийдвэрлэх асуудал маш их байна. Эдгээр нь дан ганц төрийн хийх ажил биш, Та бид хамтраад салбараа сайжруулах хэрэгтэй байна гэв.
Мөн аялал жуулчлалын стандартыг шинэчилж тогтоох, салбарын хуульд өөрчлөлт оруулах, жуулчлдад баталгаагүй, хувиараа тээврийн болон хоолны үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг журамлах, тусгай зөвшөөрөлтэй газрын зөвшөөрлийг цэгцлэх зэрэг хийгдэж байгаа ажлуудаа тоо баримттай танилцууллаа. Тухайлбал, хувийн хэвшлийн авиа компаниудыг хөгжүүлэхэд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалт хийхээр болсон, аялал жуулчлалын бүс нутагт томоохон бүтээн байгуулалт хийсэн компаниудын зах зээлийг хамгаалж, 50 км дотор ижил төстэй үйл ажиллагаа явуулах компанид зөвшөөрөл олгохгүй гэх мэт зарчмын шийдлүүдээс мэдээллээ.
Уулзалтад оролцогчид Тэрэлж, Хөвсгөл зэрэг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой аялал жуулчлалын бүс нутагт нутгийн иргэд олноороо зөвшөөрөлгүй, баталгаагүй үйлчилгээ үзүүлж, жинхэнэ татвар төлж буй жуулчны баазуудын үйл ажиллагаанд саад болж буй талаар нэлээд гомдолтой байлаа. Мөн гадаадаас ирж буй жуулчдыг заавал тур оператороор дамжуулж авдаг болгох, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зохих дэмжлэг хэрэгтэй байгаа зэрэг хүсэлтүүдийг уламжилж байлаа.
МҮХАҮТ-ын зүгээс Дубай ЭКСПО 2020 арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг БОАЖЯ-аас гаргаж дэмжлэг үзүүлэх, олон улсын стандартад нийцсэн, цогц шийдэл бүхий иж бүрэн үзэсгэлэнгийн танхимыг байгуулахад газрын асуудлыг шийдвэрлэх, МҮХАҮТ-аас боловсруулсан “Төв зам дагуух боловсон үйлчилгээний цэг” төслийг хэрэгжүүлэхэд дэмжих, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд гол үр нөлөө үзүүлэх Агаарын тээврийн либералчлах хууль эрх зүй, бодлогын баримт бичгийг санаачлан шийдвэрлүүлэх зэрэг тодорхой саналуудыг БОАЖЯ-нд тавилаа.
Бизнес эрхлэгчдийн асуултуудыг хариулттай нь бид удахгүй нийтлэх болно.