Гэмтэл бэртлээс үүдэлтэй хамрын хэлбэр алдагдал, түүний сөрөг нөлөө болон хамрын ба нүүрний нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын талаар “Гоёл медикал” эмнэлгийн нүүрний гоо сайхны мэс заслын эмч П.Мөнхбаатартай ярилцлаа.
-Хүмүүс хамраа өндөрлүүлэхдээ филлер тариа хийлгэх юм уу, мэс заслын аргаар хийлгэдэг. Ер нь хамартаа тариа хийлгэх, мэс засал хийлгэхийн ялгаа юу вэ?
-Тарилга буюу филлерийг их хэмжээгээр хийж хамрын нурууг тэр чигт өндөрлөх боломжтой ч хэсэг хугацааны дараагаар анх байсан хэлбэрээ алдан хоёр тал руугаа тарж өргөссөнөөр гоо зүйн хувьд хэвийн бус харагдах байдал гардаг. Иймээс бага зэргийн нам, хонхор хэсгүүдийг бусад хамрын нурууны хэсгүүдтэй нь тэнцүүлж дүүргэхэд ашиглах нь илүү тохиромжтой. Мөн 1-2 жил орчим болоод дахин шимэгдэж алга болох учраас дахиж тариулах шаардлага гардаг. Хамар өндөрлөх мэс заслын хувьд бид нар олон төрлийн имплантуудын дотрооссудлаж байгаад өмнөд солонгосын нэр бүхий компаний хамрын имплантийг сонгон авч хэрэглэж байгаа. Урдчилан ариутгагдаж зориулалтын битүүмжилсэн савлагаатай байдаг учраас хэрэглэхэд тохиромжтой байдаг. Өмнө нь зарим имплантийг угаах, ариутгалын аппаратанд хийх зэргээр олон үе шаттай хэрэглэдэг байлаа.
Хамар нь битүүрдэггүй хамрын үзүүр нь унжуу, үзүүрийн тулгуур багатай, үзүүр хэсгээрээ намхан хамартай хүмүүст чихний дэлбээний нь арын мөгөөрснөөс аваад хамрын үзүүрийг нь урагш дээш уртасгаж, хэлбэрийг засах мэс заслыг бид хийдэг. Ер нь европ буюу кавказ хэв маягийн хамрын үзүүрийг бүтээхийг хэлж болно. Хэрэв хамар нь битүүрдэг таславчийн муруйлттай, хамрын үзүүрийн хэлбэрийг өөрчлөх хүсэлтэй эмчлүүлэгч байвал бид таславчийн муруйг тэгшлэхэд ихэнхидээ гарч ирдэг мөгөөрсийг ашиглан үзүүрийг уртасгаж нэг дор хамрын амьсгал сэргээх, гоо сайхныг сэргээх давуу тал бүхий мэс заслыг хийж байгаа.
-Манайхан хамраа өндөрлүүлэхээс гадна давхраатай болохыг хүсдэг шүү дээ. Сүүлийн үед давхрааны мэс заслыг сэтлэгээтэй хийлгүүлэх сонирхол их байгаа гэсэн. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
Давхрааны хувьд манай эмэгтэйчүүд европ маягийн том давхраатай болохыг илүүд үздэг. Гэхдээ бид ази тэр дундаа Монгол хүнд тохирсон европ маягийн давхраа хийхийг хичээдэг. Европ буюу кавказ давхраа нь тэдгээр хүмүүсийн урт, том нүдний хэмжээнд тохирсон “semilunar” буюу хагас саран, гол хэсгээрээ өндөр, хоёр талаараа арай нам давхрааг хэлдэг. Харин манай болон ази хүмүүсийн хувьд өөрсдийн нүдний хэлбэр хэмжээнд тохирсон, нүдний хэлбэрийг нь дагасан паралель давхраа илүү зохино гэж бид үздэг. Хэрэв нүдний дотор буланд эпикантын нугалаа бүхий үйлчлүүлэгч байвал дотогш нь сэтэлгээ хийж энэ нугалааг арилгах боломжтой. Дотогшоо сэтлэгээ хийх нь тохирсон эмчлүүлэгчдээ хэд хэдэн давуу талуудтай байж болдог. Нүдний дотор булангийн нугалаа арилснаар нүдний хэлбэр зөв болж дотогши уртасна, нүд хоорондын зай хол бол ойртоно, шинээр үүсгэсэн давхраа дотор булангаасаа эхлээд илүү томоор харагдана. Давхраа үүсгэх буюу дээд зовхины гоо сайхны мэс заслыг насны хувьд бид 15-аас дээш насныханд хийдэг. Зөвхөн давхраа үүсгэхээс гадна нас насны онцлогт нь тохирсон арьсны унжилтыг багасгах нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслуудыг хийдэг.
-Хамрынхаа хэлбэрийг засуулахад имплант ашиглах нь хүний биед сөрөг нөлөөтэй юу?
-Имплантын хэлбэр хэмжээг нь сайн тохируулахгүй бол асуудал гарч болно. Жижиг хамартай хүнд хэт том имплантыг суулгавал арьс зөөлөн эд нь тогтоон барьж дийлэхгүй тодорхой хугацааны дараа гарч ирэх магадлалтай. Имплантыг анх үйлдвэрээс хийгдснээр нь тавих тун ховор тухайн үйлчлүүлэгчийн нүүрний төрх, хамрын нурууны өндрөөс хамаараад имплантаа тохируулан засаж хийж өгдөг. Хэлбэр хэмжээ сайн таарсан хамрын суулгацын алсын үр дүн сайн байдаг. Мэдээж гадны биет байрлуулж байна гэдэг утгаараа мэс заслын өмнө, дунд, дараагаар халдвар орохоос урдчилан сэргийлэх эмнэлэгийн арга хэмжээнүүдийг нягт нямбай авах нь мэс заслын алсын үр дүнд их нөлөөтэй байдаг.
-Хамрын хуучин хугаралтай удаан явбал зүрх, судасны үйл ажиллагаанд ачаалал өгдөг тухай уншиж байсан юм. Энэ тал дээр зөвлөгөө өгнө үү?
-Гар, хөлөөр цохиулах, автомашины осол, спортын гэмтэл зэрэг шалтгаануудаас хамар голцуу гэмтдэг. Зөвхөн хамрын нуруу муруйж, цөмрөхөөс гадна хамрын яс, мөгөөрсийг тулж байдаг талславчийн мөгөөрс, яс дагаж муруйж хамрын амьсгалын зайг багасгасантай холбоотойгоор алсдаа хамрын амьгсгал дутуу авч бөглөрөх уршигтай байдаг. Нэгэнт олон жилийн өмнө хамар ба таславчийн муруйлттай болсон хүмүүсийг бид голцуу унтуулгатай мэс засал хийж засдаг. Эхлээд муруйсан таславчийг нь тэгшилж, агаарын урсгал саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлнэ, дараа нь гадна хэлбэрийг засна. Ингэснээр нэг дор хамрын хэлбэрийг болон таславчийг засаж гоо сайхан, эмгэгийн асуудлыг нэг дор шийдэж, эмчлүүлэгчийн цаг хугацааг хэмнэдэг.
Хамрын гэмтэл авсан насанд хүрэгчдийн хувьд ЧХХ, Нүүрний гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарт 14 хоногийн дотор үзлэг хийлгэж, оношлуулсны дараагаар хамрын нурууг тэгшлэх, цөмөрхийг гаргах мэс ажилбарыг ихэвчлэн хэсгийн мэдээ алдуулалттай хийлгэх хэрэгтэй байдаг. Зарим тохиолдолд хамар гэмтсний дараа зөөлөн эдийн хавангаас болоод муруйж гэмтсэн нь мэдэгдэхгүй явсаар хаван буусны дараагаар аль хэдийн хэлбэр алдагдалтай болсон байдаг, ингэж хугацаа алдсан эмчлүүлэгч засуулах хүсэлтэй тохиолдолд зайлшгүй мэс засал хийж засхаас өөр аргагүй болно гэсэн үг юм. Иймээс хамрын гэмтэл аваад хөхөрч, хавдсан тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай бол зарим шинжилгээнүүдийг хийлгэж оношлуулах шаардлагатай юм. Гэхдээ урд нь олон удаа гэмтэж байсан түүхтэй, эсвэл маш хүнд гэмтсэн хамрын гэмтлийг хэсгийн мэдээ алдуулалттай зассан ч гэсэн төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй тохиолдол цөөнгүй байдаг. Ийм тохиолдолд дахин нэг мөр ерөнхий унтуулгатай мэс заслыг төлөвлөж хийх хэрэгтэй болдог.
-Тархи, нугасны шингэн хамраараа гоожсон тохиолдлыг анх удаагаа хамрын дурангийн мэс засал хийж зассан тухай сонирхуулаач?
-Жин ихтэй, гавлын дотоод даралт ихтэй хүмүүсд хөдөлгөөн хийх, бие засах зэрэгт гавлын дотоод даралт үе үе удаан хугацаагаар өгч байдгаас болж суурь хөндийн төрөлхийн байсан сувгаар хатуу хальс ивэрхийлж гарч ирсэн тохиолдлыг хамрын нүхээр нь дамжуулж дурангийн тусламжтайгаар бөглөх мэс заслыг хийсэн.
Байгалийн буюу өөрийн хамрын нүхээр нь энэ мэс заслыг хийснээрээ, ил зүслэггүй, эдгэрэлт хурдан, гавлын ясыг нээхгүй зэрэг давуу талуудттай юм.
-Та яагаад эмч болохоо шийдсэн бэ? Тэр дундаа чих, хамар, хоолойн эмчийн онцлог юу вэ?
Эмч, тэр дундаа мэс заслын эмчийн мэргэжил нь сурч, эзэмшсэн мэдлэг, чадваруудаа амьдрал дээр бүтээлчээр хэрэгжүүлж хүмүүсийн эрүүл мэндийн төлөө, сайн сайхны төлөө хэрэглэх боломжтой байнга хөгжиж, өөрчлөгдөж байдаг оюунлаг, бүтээлч мэргэжил учраас би энэ мэргэжлийг сонгосон. Тэр дундаа гоо сайхны мэс заслын чиглэл нь эмчийн болон мэс заслын үндсэн ур чадварууд дээр нэмэгдээд уран бүтээлч сэтгэлгээ, мэдрэмж, чадварыг шаарддаг өвөрмөц мэргэжил тул илүү их татагддаг. Би багадаа зураг, англи хэл зэрэг олон дугуйлангуудад явдаг байлаа, дуулсныг хураавал эрдэм гэдгээр алхам тутамдаа сонсож, сурч байсан зүйлс маань өдөр тутмын ажилд маань үргэлж хэрэг болж байдагт би их баярлаж явдаг. Ер нь хүн болж өгвөл багаасаа олон төрлийн дугуйлангуудад явснаар олон төрлийн мэдлэг, чадвар, мэдрэмжүүдийг олж авдаг нь өөрийгөө таних, өөрийн авъяасаа олж илрүүлэх, ирээдүйд өөрт тохирсон мэргэжлээ сонгох зэрэгт хэрэгтэй байдаг болов уу гэж би боддог.
Би ЧХХ мэс заслын эмчээр ажиллаад 10 орчим жил болж байна. Манай мэргэжил олон улсын түвшинд дотроо чих, хамар, толгой хүзүү гэсэн үндсэн гурван чиглэлд хуваагддаг л даа. Миний хувьд би хамрын ба нүүрний нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын чиглэлд илүү сонирхон татагдаж ажилладаг. Мэргэжлийнхээ хүрээнд одоогоор хамар, дээд, доод зовхи, нүүрний нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслуудыг хийж гүйцэтгэж байна.
-Эмч болоход мэдээж химийн хичээлдээ сайн байх хэрэгтэй байх. Та химийн хичээлдээ хэр сайн байсан бэ?
-Би 33 дугаар дунд сургуулийн химийн сонгоны ангийг МУ-ын гавъяат багш Дандар багшийн удирдлаган дор 1999 онд дүүргэсэн. Зөвхөн химийн хичээлд сайн байхаас гадна, биологийн хичээлд дур сонирхолтой байх нь анагаах ухааныг ойлгоход илүү дөхөм болгодог, яагаад гэхээр хүний биологийн үндэс дээр тулгуурлаж оношлож, эмчлэж байгаа шинжлэх ухааныг анагаахын шинжлэх ухаан гэж ойлгож болно.
-Хүмүүс мэс засал хийлгэхээс тодорхой хэмжээгээр айдаг. Та өвчтөн, үйлчлүүлэгчдийнхээ мэс засал хийлгэх айдсыг хэрхэн арилгаж, тайвшруулдаг вэ?
-Мэс заслын эмч нь зөвхөн мэс заслын гардан үйл ажиллагааг явуулдаг гардан ажиллагааны мэргэжилтнүүд биш юм. Иймээс эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн сэтгэл зүй, бие мах бодь хоёрыг хамтад нь цогцоор нь үзэх, шинжлэх шаардлагатай байдаг. Тиймээс үзлэг хийх үед тухайн мэс заслын хүлээгдэж буй бодит үр дүнд хүрэхийн тулд, ямар аргаар, яаж хийх, ямар эрсдэл, хүндрэл байж болох талаар эмчлүүлэгчидтэй сайтар ярилцаж, тайлбарлаж, ойлгуулсны дараагаар эмчлүүлэгчийн бие, сэтгэл зүйг сайтар бэлдэж төлөвлөгөөт мэс заслыг хийх нь эмчлүүлэгчдийн айх айдсыг багасгах сайн талтай байдаг.
-Эмчийн ажил эрсдэл, хэцүү тал нь юу вэ? Мөн ажлаасаа мэдэрдэг аз жаргал нь юу вэ?
-Заримдаа эмчлүүлж байгаа эмчлүүлэгч, үйлчлүүлэгч нарын оношилогоо, эмчилгээ, мэс заслын дараахь эдгэрэлт, үр дүнгийн талаар их санаа зовж, стрессддэг талууд байдаг.
Мөн эмнэл зүйн эмч болохын тулд маш олон жилийн хугацааг зарцуулдаг. Эмнэл зүйч эмч нь байнгын цаг зав муутай сэтгэл зүй болон биеийн ачаалал ихтэй байдаг.
Эсрэгээрээ олон жил сурсан, эзэмшсэн чадваруудаа ашиглаад хүнийг эмчлэх, эдгээх, өөртөө итгэлтэй болгож байгаа нь сайхан санагддаг.
-Монголд эмчийн цалин бага. Цалингаа голоод суулт зарлаж, ажлаа хаядаг хүмүүс цөөнгүй. Эмч хүний хувьд энэ асуудалд хэрхэн ханддаг нь сонирхолтой байна.
-Улс төр, нийгэм, эдийн засгийн нөлөөллүүдээс болоод манай улсын эрүүл мэндийн ажилчдыг үнэлэх үнэлэмж муу, цалин хөлс хангалтгүй байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа байх.
Дээрхи байдлыг өөрчлөгдөхийг хүлээхээс гадна, хувь хүн өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө урт хугацааны төлөвлөгөө тавьж, өөрөө өөртөө итгэж, мэдлэг, чадвараа дайчлан сайн мэргэжилтэн эмч болж чадах юм бол нийгмийн дунд өндөр байр суурь, үнэлэмжтэй байх боломж байгаа гэж боддог.
-Таны сэтгэлд тод үлдсэн хамгийн хүнд ч юм уу, санаанаас огт гардаггүй мэс засал бий юу?
-Мэс засал бүхэн эрсдэл, хүндрэлтэй тиймээс бүх мэс засалд хариуцлагатай хандах хэрэгтэй, хялбар мэс засал гэж үгүй. Мэс заслын үйлдэл ажиллагааны ерөнхий зарчим байдаг ч хүн бүрийн бүтцийн онцлогоос хамаарч ялимгүй өөр өөрөөр гүйцэтгэгддэг тал бий. Тэр дундаа гоо сайхны мэс заслын хувьд тухайн хүний нүүрний төрх, бусад хэсгүүдтэй харьцах харьцаа зэргээс хамаарч хүн бүрт өөрөөр хийгддэг.
-Та гоо сайхны мэс заслыг хэр дэмждэг вэ?
Миний хувьд хувь хүний хүслийг эмчтэйгээ харилцан ярилцаж ойлголцсны үндсэн дээр хийлгэх байдлыг дэмждэг.
Гоо сайхны мэс засал хийлгэх, эсэх шийдвэрийг ихэвчлэн хувь хүн бодож, тунгаасны эцэст өөрөө гаргадаг. Найз нөхөд, гэр бүлийнхэн зэрэг хүмүүстэйгээ зөвлөлдөж болох ч эцсийн шийдвэрийг голцуу эмчлүүлэгч өөрөө гаргадаг.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.