Гурван улсын бизнесмэнүүд Манжуур хотод чууллаа

Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар форум энэ сарын 10-12-нд Манжуур хотод болж өндөрлөлөө. БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд гурван улсын нутаг дэвсгэрийг хамарсан эдийн засгийн коридор байгуулах ажлыг түргэтгэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, биенесийн шинэ боломжийг нээх зорилготой энэхүү форумд 500 гаруй төлөөлөгч оролцож дуу хоолойгоо өргөв. Монголын талаас Дорнод, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл урилгаар оролцлоо. Форумыг БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы засаг захиргаа, Манжуур хотын удирдлага зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын Өвөр байгаль, Буриадын Засгийн газрын өндөр төвшний зочид хүрэлцэн ирсэн юм.

Энэ онд Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Өвөр Монголын Манжуур хот хөрш зэргэлдээ Дорнод аймгаас гадна Орхон, Хөвсгөл аймагтай харилцаа тогтоож, хамтран ажиллаж эхэлжээ. 300 орчим мянган хүн амтай хэрнээ жилд 8 сая жуулчин авдаг Манжуур хот Орос, Монголын биенес эрхлэгчидтэй хамтран төсөл хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлж байв. БНХАУ-ын Засгийн газраас биенесийн тогтвортой орчин бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлахаар ажиллаж байгаа ажээ.

Аялал жуулчлал, бараа солилцоо гэх уламжлалт тогтсон биенесээс гадна эрүүл мэндийн аялал жуулчлал, инновацид суурилсан цоо шинэ биенесийг Монгол, Орос, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлбэл бүс нутгийн хөгжилд томоохон түлхэц болно гэдгийг албаны хүмүүс онцолж байв. Гурван улсын шинжлэх ухаан, технологийн 16 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа энэ үеэр Манжуурт нээлтээ хийсэн бөгөөд туршлагатай, нэр хүндтэй томоохон аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүллээ. Эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулийн төлөөлөл олноор оролцсон нь энэ удаагийн экспогийн онцлог байлаа.

Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг жил бүр уламлан зохион байгуулж байх санал дэмжигдсэн бөгөөд бүс нутгийн хотууд зохион байгуулалтыг нь хариуцахаар тогтлоо. Дараагийн форумыг ОХУ-ын Буриадад хийхээр талууд тохиролцжээ. Үүнээс гадна энэ удаагийн форумын төгсгөлд гурван улсын бизнес эрхлэгчид арав гаруй хамтран ажиллах төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан нь бодит үр дүн болсныг зохион байгуулагчид онцолж байлаа. Бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтран ажиллах зарчим нэн чухал боловч гурван улсын харилцаа, хөгжлийг түргэтгэхэд оруулж буй хувь нэмэр түүнээс ч чухал гэдэг дээр төлөөлөгчид санал нэгдсэн юм.

Б. НАМЖИЛ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...