Ардчиллын замаар 30 жил буюу ардчилал бидэнд юу өгсөн бэ?

“Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн хурал “Туушин” зочид буудалд болж байна.

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний 30 жилийн ойг тохиолдуулан улстөрийн голлох хоёр нам МАН, АН болон Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) мөн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI) хамтран зохион байгуулж буй хуралд манай улсад суугаа гадаад орнуудын ЭСЯ-д, олон улсын байгууллагууд болон Монголын ардчилсан хувьсгалын төлөөллүүд оролцлоо.

Хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэлсэн юм. Тэрээр, 29 жилийн өмнөх энэ өдөр бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд байнгын ажиллагаатай анхны парламент Улсын Бага Хурлыг байгуулж байсныг дурсан санаж, хуралд оролцогчдод тэр түүхэн өдрийн мэндийг дэвшүүлээд, “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Хууль тогтоох, төлөөлөх шинжийг хослуулсан байнгын ажиллагаатай парламентат ёсыг шинжлэх ухааны чухал нээлт гэж үздэг бөгөөд манай үе үеийн парламентууд өөр өөрийн үүх түүхийг бүтээсээр ирсэн.

Өдгөө Монгол Улсын Их Хурал сургамж, туршлагаа цэгнэж, сайныг уламжлан саарыг засаж, улс гэр, иргэн түмнийхээ ирээдүйн зам мөрийг цэгцлэн тэгшлэх зорилгоор сүүлийн гурван парламент дамжин яригдаж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийгмийн өргөн хүрээний зөвшилцлийг ханган, хуулийн дагуу боловсруулан хэлэлцэж, бэлэн болгосон төслөө ард түмнээсээ асуухаар шийдвэрлэсэн цаг үетэй энэ удаагийн Парламентын өдөр давхцаж байна” гэдгийг онцолсон юм.

Тэрээр, “Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах ардчилсан Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр хичээн зүтгэсэн өнгөрсөн 29 жилд амжилт ололт арвин, алдаа гажуудал ч багагүй байлаа. Энэ туулсан хугацаанд өнөөдөр засаглалын хамгийн зөв зам нь парламент гэж байгаа ч, мөн түүнийг бас шүүмжилж ч болно. Энэ бол бидний сонгосон ардчиллын үр дүн юм. Энэ сонголтын үр дүн бидэнд цаашдын алдаа, оноог мөн хэлж өгч байна” гэдгийг тэмдэглэн хэлж байв.

“Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн хурал “Монгол Улсад ардчилсан шилжилтийн үе дууссан уу?”, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үр дүн” гэсэн үндсэн хоёр хэсэгтэй болж, “Нийгэм, улстөр, эдийн засгийн салбар дахь шилжилтийн үе”, “Монголын ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн гол сургамж” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Хурлын эхний хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар удирдаж байгаа бол хоёр дахь хэсгийг хуульч Д.Оросоо, УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар нар удирдан явуулж байна.

Хуралд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI)-гийн Суурин төлөөлөгч Крэйг Кастанья, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын албаны хүмүүс, АН, МАН-ын удирдлага, гишүүд оролцож байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...