2016 оны 3-р сарын 28-нд байгуулагдсан Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоо 3 жилийн турш өөрийн тамирчнаа олон улсын чанартай тэмцээн уралдаанд бэлтгэн уралдуулсны үр дүнд 2019 онд дэлхийд чансаагаараа тэргүүлсэн амжилт гаргаж монгол хүний тэсвэр тэвчээр, уйгагүй зүтгэл, хөдөлмөрч, бүтээлч чанарыг олон улсад нотолж чадлаа. Монголын тамирчин Ш.Даваадорж өвлийн усанд сэлэлтийн төрлөөр дэлхийн цом хүртжээ.
Тэрбээр: “Гурван жилийн өмнө дэлхийд 4-т, өнгөрсөн жил 7, энэ жил буюу 2019 онд дэлхийд энэ төрлөөр №1 тамирчин болсондоо баяртай байна. Холбоо хэдийгээр 3 жилийн өмнө байгуулагдсан ч бид тамирчин болон тэмцээн уралдааны тухай нэг ч мэдээлэл өгч байсан удаагүй. Учир нь энэ төрөлд монголчууд шинэ туршлагагүй байсан. Амжилт рүү тэмүүлсэн, өрсөлдсөн цаг хугацаа байлаа. Тасралтгүй тэмүүлсний үр дүнд холбоо чансаагаараа тэргүүлсэн, одоогийн байдлаар өрсөлдөгчгүй болсон бөгөөд энэ нэр алдар зөвхөн холбооных бус бүх монголчуудын амжилт хэмээн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж албан ёсоор дуулгаж байна.
Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбоонд 2017 оны 3-р сард 20 дахь улс болон гишүүнээр элсэн батламжаа авсан энэ холбоо нэг тамирчинтай бөгөөд тамирчин Ш.Даваадорж 2014-2019 онуудад Эстони, Латви, ОХУ, Сингапур, Шинэ Зеланд зэрэг 20 гаран оронд зохиогдсон өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн аварга, Дэлхийн цом, олон улсын тэмцээнээс нийт 32 алт, 29 мөнгө 16 хүрэл медалийн эзэн болж Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулжээ.
156 жилийн түүхтэй өвлийн усанд сэлэлтийг төрлийг монголдоо хөгжүүлж өвлийн аялал жуучлалыг өргөжүүлэх алсын хараатай энэ холбоо нь 2019-2020 онд болох дэлхийн цомын 4, дэлхийн аваргын 1 тэмцээнд оролцож чансаагаа бататгах, 2022 оны өвлийн Олимпийн төрөлд оролцох бэлтгэх хангах, 2024 онд Арктик, 2025 онд Антарктид далайд шумбалт хийж тэмцээнд оролцох зорилт тавин ажиллаж байна.
Спортын ач холбогдол гэдэг агуу. Чухамдаа үүнийг санаж мэдэж хэрэгжүүлэгчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа цаг үед олонхийн анхаарлын төвд байдаг бөх, бокс, зэрэг спортын төрөл бас нэгэн өвөрмөц төрлөөр нэмэгдэж байгаа нь чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх бас нэгэн том орон зайг үүсгэж байна. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад хүсэл л байвал бүх гарц нээлттэйг өвлийн усанд сэлэлтийн төрлийн Дэлхийн №1 чансаат тамирчин Ш.Даваадорж ийнхүү батлан харууллаа.