“Токио-2020” олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээн Улаанбаатарт эхэллээ

“Токио-2020” олимпийн эрхийн оноо цуглуулах бадминтоны олон улсын тэмцээний нээлт Спортын төв ордонд боллоо. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхбилэг, Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатар, тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Mines up-Total Mongolia” компанийн захирал Б.Чинзориг тэргүүтэй албаныхан оролцлоо.

Зургаан өдөр үргэлжлэх тус тэмцээн “Mines Up-Total Mongolia International Challenge” нэрийн дор 25 мянган долларын шагналын сантайгаар зохион байгуулагдаж байгаа юм. Уг тэмцээнд АНУ, Канад, Англи, Герман, Австрали, Япон, Тайвань, Тайланд, Малайз зэрэг бадминтоны өндөр хөгжсөн 24 орны 160 гаруй шилдэг тамирчин өрсөлдөхөөр манай улсад иржээ.

Тухайлбал, дэлхийн чансааны 40-д эрэмбэтэй Энэтхэгийн тамирчин Субханкар Дэе, 2018 оны залуучуудын дэлхийн аварга, Тайландын тамирчин Варот Урайвонг, мөн дэлхийн чансааны 73-т жагсаж байгаа Оросын тамирчин Сергей Сирант зэрэг олон шилдэг тамирчид оролцож байгаа юм. Тэгвэл манай улсыг төлөөлж 10 гаруй тамирчин оролцохоос дэлхийн чансааны 260 дугаарт эрэмбэтэй М.Батдаваа 32-ын үндсэн тойрогт багтсан бол Энхбат, Хувьтөгөлдөр, Б.Сумьяасүрэн зэрэг нар урьдчилсан шатанд өрсөлдөнө.

Мөн эрэгтэйчүүдийн хос, эмэгтэйчүүдийн хосын төрөлд өрсөлдөх оноолтод манай тамирчдын нэр нь багтжээ. Дэлхийн бадминтоны холбооноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны хооронд болох бүх чэлленжер, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мастерс, супер цом, алтан гранпри, гранпри ангиллын бүх тэмцээнд олимпийн оноо олгох юм. Эдгээр тэмцээний нэг болох олимпийн эрхийн оноо олгох “Mines Up-Total Mongolia International Challenge” Монголд болж буйгаараа онцлогтой. Уг тэмцээнд түрүүлсэн тамирчин чансааны 4000, мөнгөн медальтан 3400, хүрэл медаль хүртвэл 2800 оноо авна.

Харин шилдэг 32-т багтвал үзүүлсэн амжилтаас нь хамаарч 920-2200 олгох ажээ. Дашрамд сонирхуулахад, өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн чансааг Японы Кенто Момота, эмэгтэйчүүдийг Тайванийн Тай Зү Инг тэргүүлж байна. Тэгвэл эрэгтэй хосын төрөлд Индонезын Маркус Ферналди Гидеон, Кевин Санжая Сукамулжо нар манлайлж байгаа бол эмэгтэй хосыг Японы Маюү Мацүмото, Вакана Нагахара нар тэргүүлсэн хэвээр. Түүнчлэн холимог хосын төрөлд Хятадын Зен Шивэй, Хуан Якион нар хошуулж байгаа юм. Багийн дүнгээр Япон, БНХАУ, Индонез гэсэн эрэмбэтэйгээр дэлхийн чансааг тэргүүлж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...