“Эмэгтэйчүүд- Манлайлал” олон улсын чуулган болж байна

“Эмэгтэйчүүд- Манлайлал” олон улсын чуулган манай улсад болж байна.  Чуулганд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагаа хариуцсан захирал, Ерөнхий консул Габриела Спирли, НҮБХХ-ийн Суурийн төлөөлөгч Биата Транкманн, хүндэт зочноор Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга хатагтай Марина Кароббио Гүшэтти нар болон УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Н.Оюундарь, Б.Ундармаа, Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцлоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хоёр жил гаруй хугацаанд амжилттай хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд  аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж буй 2000 гаруй эмэгтэйчүүдийг  манлайллын сургалтад хамруулсан байна. Уг төсөлд хамрагдсан эмэгтэйчүүд өөрийн орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж, үр дүн нь иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч байгаа олон жишээ бодитоор гарсан байна. Эдгээр сайн туршлагуудыг олон нийтэд танилцуулах, туршлага хуваалцах зорилгоор Эмэгтэйчүүд-Манлайлал чуулганыг зохион байгуулж байна. Орон нутгийн эмэгтэй улс төрчдийн ололт амжилтыг танилцуулж, харилцан туршлага солилцох, дуу хоолойгоо нэгтгэх, сайн туршлагуудаас санаа авч ажиллах бүтээлч хэв маягийг орон даяар түгээн дэлгэрүүлэхэд энэ чуулган үр дүнгээ өгнө гэдгийг зочид төлөөлөгчид онцолж байсан юм.

Уг чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Чуулганы хүндэт төлөөлөгчид өө!

Манлайлагч эмэгтэйчүүд ээ!

Хүндэт зочид оо!

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Эмэгтэйчүүд-манлайлал чуулганд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн талаарх сайн туршлагаа хуваалцахаар уригдан оролцож байгаа орон нутгийн манлайлагч эмэгтэйчүүд, олон улсын байгууллагын болон төрийн бус байгууллагын төлөөллүүд Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Швейцарын Холбооны Улсын Парламентын Ерөнхийлөгч хатагтай Марина Кароббио Гучетти, тус чуулганд хүрэлцэн ирж оролцож байгаа Бутаны Хаант Улсын парламентын гишүүдэд чуулганы хүндэт индэрээс мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсад тавтай зочлохыг хүсье.

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиуд, үндэсний хөтөлбөрүүд зэрэг бодлогын баримт бичгүүдэд эмэгтэйчүүдийн эрхийг хангаж, хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах талаар тодорхой бодлого, зорилтуудыг дэвшүүлж, ахиц дэвшилд хүрч чадсан. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын гэрээ хэлэлцээрээр шаардлагатай үүргүүдийг манай улс өөртөө хүлээсэн билээ.

Монгол Улсын төр засгаас нийт хүн амын талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг улс төрд болон төрийн удирдах дээд албанд нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсаар ирсэн. Учир нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдснээр гэр бүл, хүний хөгжил, нийгмийн асуудлуудад нухацтай, шийдэлтэй хандах боломж дээшилдэг нь практикаар нотлогдсон ойлголт юм.

Аливаа улсын жендэрийн эрх тэгш байдлын биелэлтийг хэмжих гол шалгуурыг шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны түвшингээр  тодорхойлдог. Манай улсын хувьд парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо 2012 оны сонгуулийн үр дүнгээр 11 байсан бол 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Энэ бол ахиц гарч байгаа үзүүлэлт.

Нутгийн өөрөө удирдах байгууллага-бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 8099 төлөөлөгчдийн 2160 буюу 26.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр эмэгтэй төлөөлөгчдийн 59.8 хувь нь анх удаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогджээ.

Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт жендэрийн тэгш байдлыг хангах асуудал тэргүүлэх зорилтын нэг болж байгаа нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах бүхий л түвшинд үргэлжлүүлэн, тогтвортой дэмжих ёстойг бидэнд сануулж байна.

Энэ зорилгоор бид Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг хөгжлийн түншүүдтэйгээ хамтран 2013-2016 онд “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих төсөл”, 2017 оноос “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг тус тус амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн хүрээнд үндэсний хэмжээнд сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн суурь сургалтад 7000 гаруй, Эмэгтэйчүүдийн манлайллын сургалтад 2000 гаруй төлөөлөгчийг хамруулсан нь хурлуудыг идэвхжүүлэхэд чухал үр нөлөө үзүүлж байна.

Чуулганы төлөөлөгчидөө

Энэ удаагийн “Эмэгтэйчүүд-Манлайлал” чуулганд УИХ, Засгийн газар, Монгол Улсын 21 аймаг, нийслэл хот, 330 сум, 9 дүүргийн төлөөлөл 500 орчим эмэгтэйчүүд оролцож байна.

Чуулганд Швейцарын Холбооны Улсын Парламентын Ерөнхийлөгч Марина Кароббио Гучетт “Улс төр дэх эмэгтэйчүүд-миний улс төрийн замнал” сэдэвт илтгэл тавих бөгөөд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны өнөөгийн байдал, тулгарч буй сорилт, боломжуудын талаар санал бодлоо чөлөөтэй солилцох боломж бүрдэнэ.

Манлайлал бол арга зам, туршлага, үйл явц байдаг. Тийм учраас манлайлагчид төрдөггүй, төлөвшиж бий болдог. Өнөөдөр Та бид энэ зарчмаар орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан зарим манлайлагч нөхдийнхөө туршлагаас судалж, харилцан суралцах болно.

Чуулган Иргэдтэй ажиллах үр дүнтэй арга замууд, Төрийн болон улс төрийн намын тогтолцоонд амжилт гаргах нь, Эмэгтэйчүүдийн дуу хоолой болж ажиллах нь, Иргэний нийгэм, хувийн хэвшилтэй хамтран ажиллах арга барил гэсэн 4 үндсэн сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Иймд Та бүхнийг чуулган болон салбар хуралдаануудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ололт амжилт, дутагдлаа ярилцаж, шийдвэрлэх арга замаа харилцан хуваалцана гэдэгт итгэж байна. Чуулганаас олж авсан мэдлэг, ур чадвараа бусадтайгаа хуваалцаж, сайн туршлагыг Монголын өнцөг булан бүрт түгээн  дэлгэрүүлэхийг Төлөөлөгч Та бүхэнд уриалж байна.

Чуулганыг хамтран зохион байгуулж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, ЛОГИН олон улсын төрийн бус байгууллага, МОНФЕМНЕТ төрийн бус байгууллагуудын үндэсний сүлжээний хамт олонд талархал илэрхийлье.

Чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...