Хуучин цагт Ганц худаг нэртэй гяндан байдаг байлаа. Орж үзээгүй ч тус гяндангийн байранд нэгэн шүүх хуралд 90-д онд дуудагдан оролцож байснаа санаж байна. Олон Улсын байгууллагаас нэгэн удаа манай хорих газруудыг үзэж хараад хүний хамгийн энгийн эрхийг хангах, хоригдогсдод хүмүүнлэг хандах шаардлагатай байгаа тухай зөвлөмж өгсөн байдаг.
Тэр цагаас Хорих газрыг ардчилсан нийгмийн стандартад хүргэх их ажил эхэлсэн санагдаж байна. Шоронгийн барилгад их ч хөрөнгө зарцуулсан, энэ чиглэлээр төрөөс олон арга хэмжээ авсан. Үр дүн байнаа байна. Эрээн бараантай нийгэмд Хорих газар байхаас ч өөр аргагүй.
Гэхдээ Ганц худаг руу ачигдсан хүмүүсийн дотор хэлмэгдсэн хүн байдаг байсан тухай нэгэн цагдаагийн ажилтан ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Говийн нэгэн аймгийн Цагдаагийн эрхэм Галт тэргэнд үл ялиг зөрчил гаргасан нэгэн залууг хашраах үүднээс Ганц худаг руу ачуулжээ. Тэнд очоод ганц нэг хоноод гаргачихна гэж бодсон гэсэн. 3 сарын дараа Ганц худагт ажлаар явж байхдаа санамсаргүй нөгөө залуутайгаа тааралдаж. Чи энд юу хийж яваа юм гэж? Асуув. Ахаа Та намайг ийш нь ачуулснаас би гянданд байгаа гэж цочирдуулсан тухай, яах ёстой вэ гэж улстөрч надад хүүрнэж байсан.
Одоо социализм биш л дээ Юм юм сайн тал руугаа их л өөрчлөгдсөн.
Ганц худаг гэх аймшиг айдас дагуулсан нэр аажмаар мартагдаж 461 гэдэг шинэхэн Хорих газар олонд хоногшжээ.
Энэ Хорих газрын үүдийг татах “завшаан” манай АТГ-ийн буянаар надад тохиолдов.
Би тэнд 24 цаг эрх чөлөөгөө хасуулав.
Миний өрөө нэг хүнийх байлаа. Хана туурга дээр урд өмнө энэ өрөөгөөр дамжсан хоригдлуудын сараачиж, сийлж үлдээсэн бичгийг сонирхон тэмдэглэж авав. Хамгийн ихээр анхаарал татсан үгсийг тэмдэглэж авснаа Та бүгдэд хүргэе.
– Ээж Тандаа хайртай
-Ээж минь хүүгээ өршөө
-Ээж Таныгаа хүү нь санаад байнаа
-Хөр цасан цав цайж түлээ модгүй даарваас, Хөдсөн дээлийн оронд хөдсөн дээл болж, Хүндэт буурал ээжийгөө нөмөрлөхгүй юм бол, Хүү нь болж заяасны хэрэг юусан билээ
Эрх чөлөөгөө хасуулсан хэн ч ээжийгээ эргэн санадаг юм байна даа гэж бодогдов.
Хэн нэгэнд зориулсан хараалын үг бололтой ” хүрээд ир, ороод ир, Жангаа ид” гэсэн бичвэр, бүр сийлбэрч байсан. “Төрийн минь Сүлд өршөө” гэж бичээд Хас тэмдэгээр чимэглэсэн бичвэрч байна.
Энэ бүгдийг бичихийн учир нь залуу үе маань энэ хаалгаар битгий ороосой миний үзэж харсныг шинэ үе маань мэдрээсэй гэсэн санаа юм.
Өглөө “Ээжээ, Ээжээ, ээжээ” гэж чангаар уйлах залуугийн дуунаар сэрлээ. Харуулууд “Дуугай бай гээд орос маягийн хараал үг хааяа хэлэх юм. Нөгөөх нь “би үхмээр байна, намайг алаад өгөөч” гэж чангаар мэгшинэ. Надад харагдахгүй ч чангаар сонсогдох тэр залууг тайвшруулах юмсан гэж бодсоор босов.
Хоол
Надад бол ихдэхээр орцтой хоол өгдөг юм байна. Өглөөний цайнд талх, хар цай өгөв. Хэдэн цаг болж байгаа талаарх мэдрэмж байдаггүй. Ямарч байсан Хоолны цаг болсон бололтой. Надад ихдэхээр харагдаад “Ах нь юм идэх сонирхол алгаа” гээд нуруугаа амраахаар хэвтэв.
Хоолноос татгалзаад байхаар ажилтнууд нь санаа зовсон бололтой асууж тойроод байхаар нь Тодорхойлолт гэж гарчиглаж байгаад хоолноос сайн дураараа татгалзсан, санаа зовох хэрэггүй гэсэн бичиг хийгээд торны завсар хавчуулчихлаа.
Өглөө нь хөнжил, гудсаа хураадаг боловч минийхийг хураагаагүй. Хүзүүнийхээ гурван нугаламыг хиймэл болгосноо эргэн бодож 30 жил төрд зүтгэж ном ширтсний гай юу аль эсвэл сайн үзүүлэлт үү гэсэн бодол орж ирж байв.
Эмч
Тэдний анхааралтай харилцаа надад лав таалагдсан. Өвдөлт намдаадаг эм авч уув. Даралт хөдлөх, зүрхээр өвддөг зовиур байдаггүй, ер нь санаа зовох зүйл байхгүй гэдгээ хэллээ. Миний насанд мэдрэл дагаж өвдөх нь амьд явж байгааг бурханаас байнга сануулж хэлж өгч байгаа хэвийн зүйл л дээ гэсэн шүү бодлыг би өөртөө удаан тээсээр дасал болсон юм.
Аюулгүй байдал ба Харуулууд
Өрөө бүрийг камержуулсан бололтой юм. Ёстой сайн хэрэг. Нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү ороход нэг харуул дагаж бичлэг хийж байх юм. 24 цагийн бичлэгтэй л бололтой. Камерийн хяналт дор хүмүүсийн бүдүүлэг харилцаа илт багасдагийг манайх Хорих ангийнхан сайн мэддэг бололтой.
Нэг харуул Та ном унших уу гэлээ, тэгье гээд их л зузаан ном авав. Номын нэр нь Харри Поттер гэсэн байлаа. Тэдний буянаар энэ алдартай зохиол 7 боть байдаг юм байна гэдгийг ойлгов. Миний унших сэдэв биш байлаа.
Тоо
Харуулын Ээлж солигдох, хоригдлуудын тоог өглөө, орой авахдаа Овог, нэр ямар зүйл ангитай вэ гэж асуух юм. ах нь ямар зүйл ангиар шийтгүүлэх гээд байгаагаа мэдэхгүй л гэв. Ер нь хуучин тогтолцооноос улбаатай асуулт шиг санагдсан. Хэлмэгдэж байгаа хүн ч өөрийгөө гэмт хэрэгтэн гэж мэдрэх ёстой гэсэн социалист тогтолцооны асуулт биш байгаадаа гэсэн бодол орж ирж байлаа.
Бодрол
Манай Хорих ангиуд дэлхийн стандартад хүрэхийн төлөө их л зүйл хийж байгаа. Гэхдээ л санаа амрах хэрэггүй гэдгийг ойлгож байгаа байх. Хоригдлуудад ном, сэтгүүл, сонин, хүмүүжлийн ач холбогдолтой гарын авлага зэргээр хангах талаар илүү ажилламаар санагдав.
Гяндангийн хаалгыг заавал ч үгүй арматурын төмрөөр зангидах хэрэг юу байнаа, хоригдлуудад үргэлжийн төмөр хаалга хангинах нь нөгөө алдарт ” тамлал”- ын хэлбэр биш байгаа даа гэсэн бодол чирч ирлээ. Болгооно уу.
Бүхэлдээ Хорих байгууллагын ажилтнууд ажлаа мэргэжлийн мэдрэмжтэй хийцгээж байгаа юм байна гэсэн өөдрөг бодолтой 24 цаг эрх чөлөөгөө хасуулав. Хорихоос гарахдаа Талархал бичиж үлдээгээд гарсан.
Баривчлах тухай мөрдөгчийн тогтоолыг Үндсэн хууль, бусад хууль зөрчиж гарсан гэсэн Шүүхийн шийдвэр гарч. Манай шүүхэд гялтайх зүйл байнаа.
Бие даасан Шүүхийн тогтолцоог цаашид бэхжүүлэх ямар чухал ач холбогдолтойг бие дээрээ мэдэрлээ.
Энэ талаар үргэлжлэл болгон бичнээ.
Үргэлжлэл 2
Эрх чөлөө
Монгол хүн төрөхдөө л эрх чөлөөтэй төрдөг цор ганц үндэстэн гэж нэгэн америк эрдэмтэн “Монголын Нууц Товчоо”-ны англи хэл дээрх номонд өмнөх үгийг зүүж өгсөн байсныг санаж байна. Нээрээ ч монгол хүнийг төрөхөд аль нэг шашны лам хуваргууд угтаж авдаггүй, Тэнгэрийг эцгээ гэж Дэлхийг Эхээ болгож хүмүүний хорвоод мэндэлдэг. Эрх чөлөөгөө олж авахын төлөө хүмүүс, улс үндэстэн амиа золиослон тэмцэлддэг бол Монгол хүнд тэр эрх чөлөө нь бараг л заяагдмал юмуу даа.
Эрх чөлөө бол асар үнэтэй, түүнийг хүнээс тэр тусмаа монгол хүнээс салгах нь тийм ч амархан хийх ажил бишээ. Бусад орны хүмүүс эрх чөлөөгөө олж авахын төлөө тэмцдэг бол Монгол хүн эрх чөлөөгөө хамгаалахын төлөө тэмцэх учиртай байдаг. Өвөг дээдсийн үлдээсэн хамгийн чухал өв энэ хэмээн итгэдэг шүү.
Монгол хүний эрх чөлөөг хасах, боомилох аливаа шийдвэр гоомой байх ёсгүй.
Хууль ёс зөрчлөө энээ тэрээ гэж ярихаа больё гэхэд Монгол хүний заяагдмал эрхийг хаах, боох амаргүй байх ёстой л гэж хэлэх гээд байна. Тийм байлгахын төлөө улс төрд орсон, хийсэн, үүнийгээ орхиод явна гэж байхгүй.
Баривчлах тогтоол
Ерөнхийлөгч Баттулга прокурорын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр сүр дуулиантайгаар ТТ ордыг хятадын компанид 100 жилээр, үнэгүй өгөх гэж байсан хэмээгээд нотлох баримт хэмээн 170 хуудас материал өглөө. Буруутан нь Элбэгдорж, Энхсайхан хэмээв. ТТ төслийн гэрээ нь 170 хуудас байсныг бодолцвол нотлох баримт тэр байсан бизээ. Гэрээний төсөлд 100 жилийн тухай, үнэгүй өгөх тухай огт байхгүй, хариуцлагатай хүний амнаас ойчсон санаатай гүтгэлэг байснаас гадна Ерөнхийлөгч нийтийн албан тушаалтны хувьд эрх мэдлээ урвуулан ашиглаж Прокурорын Удирдах ажилтны зөвлөлгөөнийг энэ ажиллагаандаа ашигласан нь ёс зүйгүй, прокурорт иргэний гомдол гаргах дүрэм журмыг зөрчсөн явдал байсан.
Тухайн үеийн Ерөнхий прокурор миний ажил эрхэлж байгаа үед улс төрчдийн захиалгаар хүн хэлмэгдүүлэх явдал гарахгүй гэдгийг тод хэлсэн байдаг.
Төдий л удалгүй яаран сандран Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжөөр Дээд шүүхийн дарга, Прокуроруудыг өөрчилдөг байхаар хууль санаачилж батлуулахдаа АТГ-ын даргыг төсөлдөө оруулахыг мартчихсан байдаг. Гэсэн хэдий ч эдгээр байгууллагуудын удирдлагыг өөрчилсөн. Дур зоргоор авирлах бололцоог олж авахын төлөө хэсэг бүлэг хүмүүс улайрч байгааг харж байна. Ойрмогхон жишээ нь өвгөн сэтгүүлчийг хууль хяналтын байгууллагаар айлган дарамталсан явдал юм. ” Соёлын гавьяат зүтгэлтний ” Ерөнхийлөгч шүүхтэй, би хэвлэлтэй” гэсэн нь хариу нь болж байгаа үйл явдлын утгыг товч бөгөөд тод томруун харуулнаа.
“Сахил хүртээд шал дордов” гэдэг ардын маань үг хууль хяналтынханд маань очоод наалдчихвий дээ гэж санаа зовж байна.
“..албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхийг завдсан үндэслэлтэй хэрэгт шалгагдаж байгаа ба гэрч С.Эрдэнэ, Н.Батаа, Т.Ням-Осор нар нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд зааж байх тул…М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсугай” -энэ бол мөрдөгчийн тогтоолын хэсэг юм. Би тэр үед сайн анзаараагүй ч шүүх дээр тогтоолыг нь хүчингүй болгох шүүгчийн захирамж дээр мөрдөгчийн тогтоол нь дугаар байхгүй, хянасан прокурорын огноо байхгүйг заажээ.
Хүн алж, хүрээ талж байгааг харсан гэрчүүд “гэмт хэрэг үйлдснийг шууд зааж” байгааг үндэслэж шүүхийн зөвшөөрөлгүй түр баривчилж болдог хуулийн заалтыг буруу хэрэглэж нэр бүхий гэрчүүдийн ШУУД ЗААСНААР намайг баривчилсан юм байна.
АТГ-т би олон удаа мэдүүлэг өгсөн. Үргэлж л гэрчийн мэдүүлэг байсан санагдах юм. Хэзээ шалгаж буй хэрэгт сэжигтэн болж хувирснаа мэдээгүй.
Хууль ёсны дагуу гаргаагүй мөрдөгчийн тогтоолоор миний бие 461 рүү “томилогдсон” байж. Байгалийн жамаар хорогдолд орох нас руугаа хэлбийсэн мань мэтэд 24 цагаар эрх чөлөө хасуулсан нь их үнэтэй гэдгийг залуу мөрдөгч ойлгодог болов уу яадаг бол.
Ажлын алдаа гарахыг алийг тэр гэхэвээ. Хүний эрх чөлөөнд халдах аливаа шийдвэр туйлын няхуур, нямбай байгаасай. Энэ бол ганц миний асуудал биш энэ бол асар олон хүний хувь заяа, улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой асуудал гэдгийг бүгдээрээ ойлгоосой билээ.
Сейфний эрэлд
АТГ надаас мэдүүлэг аваад зогсоогүй ёстой санаанд ороогүй сэжиг дурдаж гэр оронд нэгжлэг хийх прокурорын тогтоол үзүүлэв. Манай гэрт очиж үзэж болноо эхнэр, хүүхдүүдээ цочролд оруулчихгүй байх тал дээр санаа зовж байнаа гэв. Энэ талаар ойлгож хандаж байсаан.
Гэр оронд нэгжлэг хийж “хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй” гэсэн тэмдэглэл хийж нэг ханаас нөгөө хан руу тэмтэчсээр протокол үйлдэв.
“Энхсайхан гуай Танд сэйф байдаггүй юм уу гэж?” асуулаа. “Юугаа хадгална гэж сейфтэй байх ёстой юм” гэснээр эрэл дууссан.
Сахил хүртэхийн өмнө ба хойно
ТТ асуудлыг буруу зөв ойлгох явдал хэвийн үзэгдэл. Учрыг нь зөв ойлгуулчих гээд зөндөө л мэдүүлэг өгч байсан. Ингэхдээ АТГ-тай өөрийгөө хамтран ажиллаж байна гэж итгэж байлаа. Жил гаруйн хугацаа өнгөрчээ. Дуудсан цагт нь очин дахин ирэхэд бэлэн гэдгээ байнга л хэлдэг байсан.
Улс төрчөөс хараат шинэ удирдлагатай болсны дараа АТГ зангаа хувиргачих шиг санагдлаа. Тийм юм битгий байгаасай гэж бодсоор байна. Учир нь өөртөө санаа зовохоос илүүтэй улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурга эхэлчихвий гэж санаа зовлоо доо. Уншигч Та тунгаана биз дээ.
Эрх мэдэл ба сонгогдсон, сонгогдоогүй эрх мэдэл
Эрх чөлөөг хамгаалах явдал нь төрийг мангас болгохгүй байх явдал юм. Үүний тулд төрийн эрх мэдлийг нь хувааж харилцан хяналттай болгодог. Үүнийг л ардчилсан тогтолцоо гээд байгаа юм. Хууль тогтоогчид сонгогддог, Засгийн газар нь мөн л сонгогдсон хүмүүсээс бүрддэг. Шүүх эрх мэдэл бол сонгогдоогүй эрх мэдэл юм. Сонгогддог эрх мэдэл сонгогдоогүй эрх мэдлээ уландаа гишгэх гэсэн улс төр явж байна.
Шүүх эрээнтэй бараантай ч Монголын шүүх улс төрчдөөс хараат бус, өөрийн итгэл үнэмшилтэй байх явдал улс төрийн том зорилт юм. Зөвхөн ингэж байж Эрх чөлөө хамгаалагдана. Популист улс төрчид толгойд заларсан энэхэн цаг нь түүхийн богинохон мөчлөг.
Эрх чөлөө, ардчиллыг тийм амархан тавиад туух эд биш. Нийгмийн сэхээлэг хэсэг дуу хоолойгоо, үйл ажиллагаагаа улам хүчтэй болгох хэрэгтэй.
Монгол хүнд Тэнгэрээс заяагдмал эрх чөлөөг одоо л хамгаалахгүй юм бол хожмоо эрх чөлөөг олж авахад хэцүү гэдгийг мэдтүгэй, болгоотугай.
Мэндсайханы ЭНХСАЙХАН