“Эрдэнэт”-ийнхэн сав л хийвэл “уулын минь буян” хэмээн уулга алдах. Энэ үгийг ч Д.Хундалай бүсгүй мөн хэлсэн. “Эрдэнэт”-ийн Барилга засварын цехэд засал чимэглэлчээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа, өрх толгойлсон энэ эмэгтэй хувьд хамт олонтойгоо мартагдашгүй баярт өдрөө тэмдэглэж байхтай таарлаа.
Тэрбээр үйлдвэрийнхээ хамт олонд хандаж, “Өнөөдөр би ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг, ялгуун сарны дор үгээр илэрхийлэхийн аргагүй гэсэн дууны үгийг та нартаа зориулъя” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлэв. Хуанлийн хуудсанд заасан 2019 оны тавдугаар сарын 28 бол Д.Хундалайгийн хувьд хамгийн дурсгалт өдрүүдийнх нь нэг болов. Учир нь, “Эрдэнэт” үйлдвэр, Барилга засварын цех, тус цехийн залуучуудын холбоо, ахмадын зөвлөл хамтран 48 метр квадрат байшин барьж, түлхүүрийг нь түүнд гардуулж өгсөн юм.
“Хүний үндсэн гол хэрэгцээ буюу анхдагч хэрэгцээ нь амьдран суух орон сууц байдаг. Хундалай маань тогтвортой ажлын байр, өөрийн орон гэртэй болсонд хамт олных нь зүгээс баяртай байгаа”-гаа “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Төгсбаяр илэрхийлээд уг байшинг долоохон хоногийн дотор барьж дуусгаснаа, нэгнээ дэмжсэн сайн үйлсийн энэхүү аянд Данадо” ХХК, “Анхлах аз” ХХК, “Ойгон Арвижих” ХХК, “Тэ-Ён” ХХК, “Ногоон Очир” ХХК, иргэн Н.Ганбат, Соёл урлагийн цогцолбор зэрэг байгууллагаад дэмжлэг туслалцаа үзүүлснийг ярилаа.
Барилга засварын цехийн залуучууд уг ажлыг санаачилж, хамт олон нь нэг өдрийнхөө цалинг хандивласан байна. Д.Хундалайгийн аав, ээж ч “Эрдэнэт” үйлдвэрт насаараа ажилласан хүмүүс аж. Залуучуудын холбооны дарга П.Эрдэнэмягмар “Д.Хундалайгаа гэр оронтоо болгох юмсан гэж нэлээд удаан бодсон. Санаачлагыг маань цехийн хамт олон дэмжсэнд баярлаж байна. Нийгэмд эерэг хандлага түгээж, нэгнээ дэмжсэн сайн үйлсийн аянг жил бүр зохион байгуулна. Байшин барихад бүх хүмүүс сэтгэл зүрхээрээ тусалсан. Тэтгэвэртээ суугаа ахмадууд маань хүртэл ирж барилцсан” гэв.
Энэ өдөр тус хамт олонд давхар, давхар баярт үйл явдал тохиож буйг Барилга засварын цехийн хангамжийн инженер Д.Уламбаяр танилцуулав. Барилга засварын цех хэдхэн хоногийн өмнө “РСЦ” нэртэй “Эрдэнэт” үйлдвэрийн охин компани байжээ. Харин одоо буцаад үйлдвэрийнхээ харъяанд Барилга засварын цех нэртэйгээр очсонд олон хүн баяртай байв. Тэдний нэг бол суурь машинист Г.Гантөмөр.
Хорь гаруй жил тус цехэд ажиллаж буй тэрбээр “Эрдэнэт”-ийн охин компанийн ажилчин биш үйлдвэрийнхээ үндсэн ажилтан болсон учраас цалин хөлс, амьдралын хангамж сайжирч, ажлын байр нь найдвартай, тогтвортой болж байгаад баяртай байгаагаа ч нуусангүй. Нүүр дүүрэн инээмсэглэл цацруулсан түүнээс урам зориг, эрч хүч мэдрэгдэн.
“РСЦ” нь “Эрдэнэт”-ийн охин компани байхад цалин хөлс нь үйлдвэрийн үндсэн ажилчдаас 50 хувь бага байжээ. Бас ажлын байр нь тогтворгүй. Харин өнөөдөр тэд цалин өснө, хангамж нэмэгдэнэ гэсэн итгэл, зорилготойгоор ажлаа чин сэтгэлээсээ хийж сууна.
Цех нь үйлдвэрийнхээ үндсэн нэг хэсэг болсонд Х.Бадамсүрэн захиралд баярлаж буйгаа илэрхийлэхийг хүссэн хүн бол Ж.Мягмарбаатар. 16 настайгаасаа тус үйлдвэрт ажиллаж эхэлсэн тэрбээр мөн л цалин, хангамж нь нэмэгдэхийг баяртайгаар хүлээж сууна.
Тус цехэд одоогоор 252 хүн ажилладаг. Жилдээ 500 сая төгрөгийн модон үйлдвэрлэл хийдэг. Тус цех охин компани байхдаа 2017, 2018 онуудад 12-16 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ цехийн хүчинд “Эрдэнэт” үйлдвэр тасралтгүй ажиллаж, улсынхаа хамгийн том татвар төлөгч болж ирсэн. Үйлдвэрлэлийн барилга байгууламж барих, засах ажил орон сууцны барилга барихаас тэс ондоо болохыг ч цехийн ажилтнууд ярилаа. Өдгөө 40 настай “Эрдэнэт” үйлдвэр дахиад 40 жил үйл ажиллагаа явуулахад тус цехийн хувь нэмэр их. Учир нь, тус цех үйлдвэрийнхээ бүх л хар, бор ажлыг нугалдаг. Өөрөөр хэлбэл, барилга засварын цехгүйгээр “Эрдэнэт” үйлдвэрлэлээ жигд, тогтвортой эрхлэх боломжгүй болох аж. “РСЦ”-н ажилтнууд Төрийн өмчийн хороо, Засгийн газар, УИХ-д удаа дараа албан бичиг, хүсэлтээ явуулсны үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрийнхээ үндсэн цех болсон гэх сайхан мэдээг өнгөрсөн дөрөвдүгээр сард сонссон байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн РСЦ-г татан буулгаж, Барилга засварын цех байгуулах шийдвэр гаргасан байна. Тиймээс “РСЦ” нь ирэх зургадугаар сарын 3-ны өдрөөс Барилга засварын цех нэртэйгээр үйл ажиллагаа явуулах юм байна.
Эх сурвалж: Сэтгүүлч Ж.Нямсүрэн www.news.mn