Ерөнхийлөгч Х.Баттулга нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцлаа

Дорноговь аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үдээс хойш тус аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцлаа.

Алтанширээ суманд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр эхлүүлж, дэд бүтцийн ажлын суурийг тавьж байсан бол энэ сарын 24-ний өдөр Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 км төмөр замыг барьж дуусгасан талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.

27 км урт уг замын газар шороо, далангийн ажлын туслан гүйцэтгэгчээр дотоодын дөрвөн компани ажилласан бол “Улаанбаатар төмөр зам” ХНН хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллажээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн өгсөн мэдээллээр энэхүү зам нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болохоос гадна зүүн тийш үргэлжлүүлэн барих хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна.

Одоо тус газарт төмөр замыг дагасан авто зам, агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлууд үргэлжлэх бөгөөд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбатын өгсөн мэдээллээр Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажиллаж байгаа бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар авто замын газар шорооны ажил дуусч, хучилтын ажил эхэлжээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 7780-р ангийн хуарангаар орж, бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэж, үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “…Эр цэргийн албаар дамжуулан бие бялдрын хөгжил, эх оронч сэтгэл суулгахаас гадна ажил, мэргэжилтэй болгож, улсын бүтээн байгуулалтын ажилд цалинтайгаар оролцуулж байна. Дэд бүтэц, хөгжлийн бодлого, ялангуяа говийн бүст өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг харахад сэтгэл өндөр байна. Бүтээн байгуулалтын ажлууд саадгүй өрнөж, цаашид үргэлжилнэ гэдгийг Та бүхэн батлан харуулж байна” гээд бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...