Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох 62-р тогтоолыг Засгийн газраас гаргасан. Энэ шийдвэр маргаашнаас хэрэгжиж эхлэх бөгөөд өөрөөр хэлбэл маргаашнаас түүхий нүүрс Улаанбаатар хотод оруулах, хэрэглэх, худалдан борлуулахыг хориотой.
Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахын тулд хот тойрсон нийт долоон хяналтын постыг байгуулж цагдаагийн байгууллага, МХЕГ-тай хамтран хяналт тавих аж. Мөн долоон цэгт 24 цагаар байгаль орчны улсын байцаагч нар ажиллах юм байна. Хэрэв иргэд түүхий нүүрсийг хэрэглэх эсвэл худалдан борлуулбал иргэнийг 300 мянган төгрөг, аж ахуй нэгж байгууллагыг гурван сая төргөөр торгож шийдвэрлэх юм байна.