Өдгөөгөөс яг 33 жилийн өмнөх энэ өдөр Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч, хүн төрөлхтөн атомын цахилгаан станц нь хэдий өндөр үр ашигтай ч байдал буруугаар эргэвэл маш их өндөр хор урхагтайг мэдэрсэн байдаг.
Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэхээс өмнө ЗХУ-ын Припять хот 30 гаруй мянган оршин суугчтай, олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт төвүүдтэй, томоохон хотын нэг байсан ч одоо жуулчид хаа нэг очиж зураг авдаг эзэнгүй хот болсон. Гамшигт ослын улмаас 2 хүн тэр дороо нас барж, 28 гал сөнөөгч хэдэн сарын дараа нас барсан байдаг. Дэлбэрэлтийн үеэр станцад ажиллаж байсан 134 үйлчилгээний ажилтнууд гамшгаас хойших 10 жилийн хугацаанд бүгд хорт хавдараар нас барсан байдаг юм. Хамгийн аймшигтай нь энэ дэлбэрэлтийн уршиг одоо ч үргэлжилсээр бөгөөд цацраг идэвхит бодисын хэмжээ Припять хотод өнөөдөр ч өндөр хэвээр л байна. Тус бүсэд цацраг идэвхит бодисын цэвэрлэгээг одоо ч хийдэг бөгөөд ослоос хойших генийн өөрчлөлтөд орж нүд халтирам дүр төрхтэй болсон хүүхэд, амьтдын дүр зургуудыг интернэтээс олныг олж харж болно. Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо гээд та интернэтээс хайлт хийхэд тийм ч олон биш тоо гарч ирнэ. Ослоос болж 37 хүн нас барсан гэсэн албан ёсны тоо мэдээллийн хэрэгслүүдэд байдаг ч үнэндээ энэ нь зөвхөн тус станцад ослын үеэр ажиллаж байсан хүмүүсийн л үхлийн тоо. Харин цацраг идэвхит бодисын нөлөөгөөр хожим хорт хавдраар өвчилсөн, нас барсан хүмүүс, 30-аад жилийн хугацаанд генийн өөрчлөлттэй төрсөн хүүхдүүдийн өвчин шаналалыг нэмбэл маш том тоо гарах биз ээ.