Шри Ланка улсын Христийн сүмүүд, зочид буудлуудад улаан өндөгний баяраар цуврал дэлбэрэлт болж нийт найман удаагийн дэлбэрэлтээр амиа алдсан иргэдийн тоо 290-д хүрч, 500 гаруй хүн гэмтэж шархдаад байна. Эхний зургаан дэлбэрэлт гурван сүм, гурван зочид буудалд гарсан бол долоо дахь нь арлын баруун хэсэгт, найм дахь нь Коломбо хотын орон сууцны хороололд гарчээ. Амиа алдсан хохирогчдын дунд Британи, Америк, Турк, Энэтхэг, Хятад, Дани, Нидерланд, Португаль зэрэг орнуудаас ирсэн 32 жуулчин бүртгэгджээ.
Хамгийн эхний дэлбэрэлт ням гарагийн 12:00 цагийн үед гарсан бөгөөд Коломбо, Негомбо, Баттикалоа хотын гурван сүм, түүнчлэн Шангри-Ла, Синнамон Гранд, Кингсбюри зочид буудлуудад амиа золиослогч халдлага үйлджээ. Зочид буудлуудад амиа золиослогч этгээд “Си-4” гэх цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг ашигласан байж болзошгүй гэж шинжээчид мэдэгдээд байна. Харин долоо дахь дэлбэрэлт үүнээс хойш хэдэн цагийн дараа гарсан ба үүний дараа Шри-Ланкийн засаг захиргаанаас олон нийтийн сүлжээ, мессенжерүүдийг хааж, автомат зэвсгээр хуягласан армийн цэргүүд халдлагад өртсөн бүс болоод бизнесийн дүүргүүдэд хамгаалалтад гарч, хөл хорио тогтоосон байна. Мөн 22, 23-ны өдрийг амралтын өдөр болгон зарлаж, энэ долоо хоногийн лхагва гараг хүртэл сургуулиудыг хааж, их дээд сургуулиудын улсын ерөнхий шалгалтыг хойшлуулжээ.
Улс оронд нь цус урсгасан халдлага гарах үед Ерөнхийлөгч Майтрипала Сирисена хилийн чанадад байсан нэн даруй эх нутагтаа ирж даваа гарагийн өглөө Үндэсний Аюулгүйн зөвлөлийг хуралдуулсан байна.
Одоогоор халдлагыг хэн, ямар зорилготой зохион байгуулсан нь талаар мэдээлэл байхгүй байгаа бөгөөд алан хядах ажиллагаанд холбоотой байж болзошгүй 24 хүнийг баривчлан саатуулсан гэсэн мэдээ байна.
Халдлагын гол бай нь христийн шашинтнууд байсан бөгөөд тус улсын иргэдийн 70 хувь буддын шашин шүтдэг, 13 хувь нь ислам, 7 хувь нь христийн шашинтай аж. Буддын болон ислам, христийн шашинтнуудын дунд мөргөлдөөн зөрчил өмнө нь гарч байсан бөгөөд буддистуудын нэгэн бүлэглэл 2014 онд Шри Ланк дахь “бүх ислам, христийн шашинтнуудыг хүйс тэмтрэх”-ээ мэдэгдэж байсан удаатай.