Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төслийн явц 70 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн дугуй резервуарын барилга болон аэротанкийн бетон хийцийн шинэчлэлийн ажлын явцыг шалгалаа. “Эс энд Эй трейд”, “Набсан” компанийн түншлэлийн гүйцэтгэж байгаа төслийн явц 68 хувьтай. Төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулна гэж компанийн удирдлагууд танилцуулав. Ажлын явц сайн байгааг Ерөнхий сайд хэлээд ажлаа улам ч эрчимжүүлэхийг санууллаа.

Тэрээр дараа нь Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төслийн ажлын явцтай танилцлаа. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь гурван үе шаттай. Гэр хорооллын өрхүүдийг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугаманд холбож, авто зам, гүүр, үерийн хамгаалалтын суваг, сургууль, цэцэрлэг, усан сан,  байгуулах зэрэг ажлын явц дээрх хоёр дэд төвд 70 хувьтай байна.

Тухайлбал Баянхошуу дэд төвд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон Хилчин хорооллыг төвлөрсөн дулаан хангамжид холбож долоон уурын зуухыг буулгажээ. Ингэснээр жилд 10 мянган тонн буюу 6830 портер машин нүүрс энэ жил хэрэглэхгүй болсон байна. Дэд бүтцэд тулгуурлан барилгажилтын төслүүд хэрэгжүүлснээр энэ тоо 2020 он гэхэд 60 мянган тоннд хүрэх юм.

Баянхошуу дэд төвд 240 хүүхдийн цэцэрлэг барьснаас гадна Бизнес инкубатор болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг энэ сарын сүүлээр ашиглалтад хүлээн авах гэж байна.

Ийм төвтэй болсноор иргэд төрөл бүрийн мэргэжлийн сургалтад хамрагдах, өрхийн болон бичил бизнес эрхлэх, төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдэнэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэхэд л энэ жил 5000 хүнийг нарийн мэргэжлийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж, ажлын байраар хангах юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд бүтцэд холбогдсон хоёр айлаар орсны нэг нь Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны иргэн И.Ганзоригийнх байлаа. Эднийх ус, цахилгаан, дулааны төвлөрсөн шугамд холбогдсон. Цаашид ойр орчмын айлуудтай хамтран хашаандаа хүлэмж барьж, хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн. Хорооны бусад айл өрх ч газраа чөлөөлж өгөхийг дэмжиж байгаа тухай ярив.

“Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд дээрх хорооны 285 өрхийг шугам сүлжээнд холбохоос эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байна. 285 өрхийн 28 нь шинээр амины орон сууц барьж, 104 айл байшингаа дулаалжээ.

Ерөнхий сайд мөн Сэлбэ дэд төвийн бохирын цэвэрлэх байгууламж, “Сэлбэ дэд төвд усан сан, насос стацын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах төсөл”-ийн явцтай таниллаа. Усан сан, насос станцын барилгын ажил 83 хувьтай байна. Энэ оны сүүл гэхэд дээрх дэд төвд Бизнес инкубатор, сургалтын төв болон 240 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажлыг ирэх онд бүрэн дуусгана. Ингэснээр дэд төвүүдэд амьдарч байгаа 7000 өрхийн 28 мянга гаруй оршин суугч инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох юм.

Дэд төвүүдийн ажлын явц урагштай байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд улам эрчимжүүлэхийг гүйцэтгэгч компаниудад зөвлөлөө. Гэр хорооллын өрхүүдийг төвлөрсөн шугам, сүлжээнд холбож, сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх ёстой. Гэхдээ энэ нь зөвхөн Засгийн газар, хотын захиргааны ажил биш. Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүд байгаа газартаа дэд бүтцэд холбогдож, ажиллаж, амьдрах орчноо сайжруулахын тулд газраа чөлөөлж өгөхөөс эхлээд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахыг уриалав.

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хоёрдугаар шатанд Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвд энэ оноос бүтээн байгуулалтын ажил эхэлж 2021 оны 10 дугаар сард дуусна.

 Харин гуравдугаар шатанд төсөл хэрэгжүүлэх дэд төвүүдийн байршлыг тогтоож, ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил хийж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ