Гэрэл зурагчин Дэвид Мкмилан Украйны Припять хотын Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн талаарх түүхийг өгүүлсэн “Тэр үед ба одоо” гэрэлзургийн үзэсгэлэнгээ Нью Йорк хотод энэ сарын 05 хүртэл гаргаж байна. Тэрээр 1994 онд Припять хотод очиж гэрэл зураг авч байсан бөгөөд энэ удаад дэлбэрсэн цөмийн реактортлүү ойртон “сүйдсэн хот”-ын дүр төрхийг хальснаа буулгаж чаджээ. тэрээр надад туслах жолооч, хэлмэрч, газарчлах хүн олоход хамгийн төвөгтэй байснаа CNN-ийн сурвалжлагчид яриад гүн бохирдолтой зарим газарт очихгүй байхыг хүмүүс анхааруулсан ч би нэгэнт зориод ирсэн тул тийм газруудад заавал орж зураг авсан гэв.
Мөн гэрэл зурагчны хэлснээр сүүлийн жилүүдэд тус хотын эзэнгүйдсэн барилга байгууламжууд улам бүр нурж сүйдэж буй ч байгаль эргэн сэргэх төрхөндөө орж, амьтад эргэн суурьших, ганц нэг шувуу нисэх болсныг ойролцоох суурингийн хүмүүс түүнд дуулгажээ.
1986 оны 04 дүгээр сарын сүүлчээр Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэхээс өмнө Припять хот 30 гаруй мянган оршин суугчтай, олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт төвүүдтэй, ЗХУ-ын томоохон хотын нэг байсан юм. Гамшигт ослын улмаас 2 хүн тэр дороо нас барж, 28 гал сөнөөгч хэдэн сарын дараа нас барсан байдаг. Дэлбэрэлтийн үеэр станцад ажиллаж байсан 134 үйлчилгээний ажилтнууд гамшгаас хойших 10 жилийн хугацаанд бүгд хорт хавдараар нас барсан байдаг юм.
Гэрэл зурагчин Дэвид Мкмилан зургуудаараа үзэсгэлэн гаргахаас гадна 200 зургаараа “Припять хот болон Чернобылийн аюулт бүс” нэртэй ном гаргахаар төлөвлөсөн байна.