Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүллээ

УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2018.03-р сард байгуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлан ажилласан билээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан байна.

УИХ-ын ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтыг зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хийсэн бөгөөд 5 дэд ажлын хэсэг байгуулж ажиллажээ.

Ажлын хэсэг санал дүгнэлтээ:

  1. Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, эдгээр гэрээ болон холбогдох бусад гэрээний зүйл, заалтууд хоорондоо уялдаж байгаа эсэх;
  2. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтын өөрчлөлтүүд, өөрчлөгдөх болсон үндэслэл, шалтгаан, өөрчлөгдсөнөөр Монгол Улсад үүсэх өр төлбөр, үр өгөөж;
  3. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ)-ний дагуу гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт, үүнээс шалтгаалан Монгол Улсад оногдох ногдол ашиг, эзэмших хувь хэмжээнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл;
  4. Төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зарцуулалт, санхүүжилт авахаар Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр Монгол Улсын шууд болон шууд бусаар хүлээх хариуцлага, эерэг, сөрөг талууд;
  5. Төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй бодит нөлөөлөл;
  6. “Оюу Толгой” ХХК-иас Монгол Улсад төлсөн нийт татварын хэмжээ, төлбөр, хураамжаар оруулсан мөнгөн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл;
  7. “Оюу Толгой” ХХК-д ажиллагсдын тоо, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ба хөдөлмөрийн харилцаа, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тоо, тэдний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл гэсэн үндсэн 7 чиглэлээр гаргасан байна.

Ажлын хэсэг тайлангаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ