Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, хуралдааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Хуралдааны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Энэ асуудлыг аюулгүй зөвлөлд мэдээлэл өгөх байх. Хоёр тагнуулын ажилтан, энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүн шалгагдаж байгаа. Монголд цаашид үеийн үед 37 оны хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй гэж бодож байна. Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна, би ер нь уучлалт гуйж байсан хүн биш шүү. Цаашид системийн чанартай өөрчлөлт хийх шаардлагатай байна.
–Захиалагчийг хэзээ олох вэ?
-Захиалагчийг олох биш бүр будлиантуулсан.
-49 хувийн асуудалтай холбогдуулан хэд хэдэн шүүгч нарын нэр яригдаж байгаа. Эдгээр шүүгчдийн асуудлыг шалгаж байгаа юу?
-Хууль зүйн сайд прокурор, шүүх, тагнуулын байгууллагын ажиллагаанд оролцдоггүй.
-49 хувьтай холбоотой баривчилгааг хууль бусаар зохион байгуулсан гэж шүүх шийдвэр гаргасан. Энэ баривчилгаа хууль зөрчөөгүй юу?
-Хойшлуулшгүй ажиллагаа гэж байдаг. Хуулийн зөрчил байхгүй.
-Таны хүүг төрийн сангаас зээл аваад төлөөгүй гэсэн мэдээлэл яваад байгаа?
-Миний хүү тасралтгүй 10 гаруй жилийн хугацаанд төрийн байгууллагад ажиллаж байгаа. Төрийн сангийн зээлээр суралцсан бол тасралтгүй таван жилийн хугацаанд төрийн байгууллагад ажилласан байх ёстой гэсэн зарчим байдаг. Тэр зарчмаар л сурч ирээд ажиллаж байна.