Европын холбооны 10 гаруй орон “Бойнг 737” онгоцыг нислэгт гаргахгүй гэж шийджээ

Этиопийн Иргэний агаарын тээврийн Бойнг 737-8 MAX онгоц осолдож  157 хүн нас барсантай холбогдуулан 737-8 MAX болон 737-9 MAX онгоцыг  нислэгт гаргахыг хориглох, агаарын орон зайд нэвтрүүлэхгүй  байх шийдвэрийг Европын холбооны Нислэгийн аюулгүй байдлын агентлагаас гаргажээ. Энэ дагуу одоогоор Шинэ Зеланд,  Турк, Сингапур, Энэтхэг, Кувейт, Их Британи зэрэг  10 гаруй улс  737-8 MAX болон 737-9 MAX онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлээд байна. Өчигдөр гэхэд Их Британи руу нисэж явсан Туркийн иргэний агаарын тээврийн 737-8 MAX онгоцыг Их Британи улс нэвтрүүлэхгүй гэсэн  учир  замаасаа буцсан  тохиолдол  гарчээ.

Этиопийн Иргэний агаарын тээврийн энэ ослоос өмнө буюу өнгөрсөн  оны намар Индонезийн иргэний агаарын тээврийн Бойнг 737 онгоц мөн осолдож олон зуун хүний амийг авсан харамсалтай хэрэг болсон. Бойнг 737 онгоцны ослуудад ижил төстэй талууд байна гэж шинжээчид дүгнэж байгаа ажээ. Тодруулбал, Этиопийн Иргэний агаарын тээврийн Бойнг 737 онгоцны нисгэгч хамгийн сүүлд онгоц жолоодлого алдаад байгаа тухай мэдээлсэн байна. Тус онгоцны хар хайрцагийг хоёр хоногийн өмнө олсон бөгөөд одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байгаа юм.

Бойнг компани 737-8 MAX болон 737-9 MAX онгоцыг 2017 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 5000 онгоцны захиалга авснаас 350 онгоцыг  нийлүүлээд  байгаа ажээ. Үүнээс хамгийн олныг буюу 97 онгоцыг БНХАУ-ын Иргэний агаарын тээвэр худалдаж авсан байна.

Бойнг компани өнгөрсөн онд 101 тэрбум ам долларын орлого олсноос 10,6 тэрбум доллар нь цэвэр ашиг байжээ. Гэвч ойрхон дараалласан ослуудаас болж тус компани 5,7 тэрбум ам долларын алдагдал буюу нийт ашгийнхаа бараг  тал хувийг алдах эрсдэлтэй байгаа юм байна.

Бойнг компаниас дээрх загварын онгоцны аюулгүй байдалд ямар  ч асуудал байхгүй,  бүрэн итгэлтэй байж болно хэмээн мэдэгдээд буй юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ