Одоогийн УИХ-д уг нь МАН үнэмлэхүй олонх. Гэхдээ нам доторх хагарал хуваагдал нь хэмжээнээсээ хэтэрч, УИХ дахь олонхын бүлгийг тэхий дундуур нь хувааж орхисон. Намынх нь зодоон төрийн гацаа болж өргөжөөд удаж байна. Байнгын ажиллагаатай гэгддэг Монголын парламент М.Энхболд гэдэг ганц хүнийг суудлаас нь буулгах гэж бараг л 3 сар сул зогссон. Гэхдээ эрхэм гишүүд ажлаа огт хийгээгүй хэрнээ цалингаа бүтэн авцгаасан юм даа. Энэ хавар УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар тов гарчээ. Хийгээгүй ажлаа нөхнө, батлаагүй хуулиудаа бөөндөнө гэх зэргээр гоё чамин тайлбар дагалдуулж байгаа ч үнэн хэрэгтээ бас л хэлдэн даргыг суудлаас нь буулгах, ээлжээ хүлээж буй горилогчдод бялуу хүртээх гэж ээлжит бус чуулган зарлажээ.
Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоосон, УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокуророос тавихаар зэхэж буй, Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурорын орлогч, ЗХЖШ-ын даргыг томилох саналаа УИХ-д оруулж батлуулахаар зэхэж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал аль эртнээс л Ерөнхийлөгчийн араанд зуугдчихаад яваа. Түүнийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа УИХ-д санал болгож томилуулсан боловч үнэн хэрэгтээ М.Энхболдын, цаашлаад Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүн гэдэг. Өөрийнхөө өмнөх Ерөнхийлөгчийг шоронд хийдэг тогтосон дүрмийн дагуу Ц.Элбэгдоржийн оймсыг гозолзуулахын тулд дуулгавартай хүнээ АТГ-ын дарга болгох нь Х.Баттулгын амин зорилго болсон биз.
Хуульд зааснаар бол УИХ-ын захирамжаар баталсан асуудлыг л ээлжит бус чуулганаар хэлэлцдэг. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүссэн бүх томилгоог хэлэлцэх асуудлын дараалалд оруулчихсан. УИХ дахь АН-ын бүлгийнхэн ЖДҮ-ийн сангаас албан тушаалаараа далайлган зээл авсан гишүүдийн асуудлыг ярихыг шаардсан ч жагсаалтад оруулаагүй. Тэгээд ч ээлжит бус чуулганаар АН-ын бүлэг албан ёсоор татан буугдсаныг зарлахаар төлөвлөсөн юм билээ. Улсын ерөнхий прокуророос нэр бүхий 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулбал ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломж байхгүй. Учир нь хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй гэж тайлбарлана. Тэгэхээр таван гишүүний асуудлыг хаврын чуулганы эхэнд буюу 4-р сард л хэлэлцэж таарах нь.
Энэ бүгдээс харвал ээлжит бус чуулганаас цор ганц хожих хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байхаар байна. Товчхондоо бол Ерөнхийлөгчийн захиалсан ээлжит бус чуулган гээд хэлчихэд буруутахгүй байх. АН бүлгээ алдана, МАН-ын дотоод зодоон хуулийн байгууллагын томилгооноос болоод дахин сэдэрнэ. Төрийн ордны гадна талаас “Хэвтүүл” зэрэг хөдөлгөөнийхөн ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардана. АТГ-ын даргыг солиод авсан цагт Ерөнхийлөгч Х.Баттулга хууль хүчний салбарт хүссэнээрээ тоглолт хийх боломж бүрдэнэ. Ц.Элбэгдоржоос авахуулаад Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалд оролцсон хүмүүс АТГ-ын үүдийг сахих хэрэг гарах байх. Ээлжит бус чуулганы дүр зураг нэг иймэрхүү л байдлаар өрнөхөөр байна.