Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкийг өөрийн эзэмшилдээ байлгадаг Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагийн газраас баривчиллаа. Түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” хотхоноос цагдаа нар ажиллагаа явуулан барьжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьд шилжүүлсэн, энэ бүхний ард “сахал” Д.Эрдэнэбилэг байгаа хэмээн удаа дараа мэдэгдсэн юм. Ж.Батзандан гишүүн өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийхдээ Д.Эрдэнэбилэгийг шоронд хий, хуулийн хайчаа ажиллуул хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан хэлсэн юм. Юутай ч улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн нууц ноёнтон гэгддэг хүнийг цагдаа нар баривчлав. Түүнийг ямар шалтгаанаар бартсан талаар албаны эх сурвалжууд одоогоор ам нээгээгүй байна. Түүнтэй хамт Худалдаа хөгжлийн банкны О.Орхоныг бас баривчилжээ.