Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан. Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын ажиллагаанд оролцохдоо хэллээ.

Манай улсад энэн шиг олон бүтээн байгуулалт эхэлнэ. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Саарал усны үйлдвэрийн ажил эхэлж байна. Тавантолгойн төмөр зам, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтын олон ажил энэ хавар эхэлнэ. Сэтгэл, зүтгэл байхад ямар ч ажил бүтнэ гэж Ерөнхий сайд онцоллоо. Мөн тэрбээр,

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх зорилт тусгагдсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэхүү төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж төслийн барилгын ажлыг өнөөдөр эхэлж байна.

Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны үр дүнд 1950-иад оны дунд үеэс томоохон бүтээн байгуулалт болох бидний нэрлэж заншсан 40, 50 мянгат, 120 мянгатын орон сууцны хороолол, Энхтайвны гүүр, Налайхын зам зэрэг барилга, байгууламжууд ашиглалтад орж, манай иргэд үр өгөөжийг нь хүртэж ирсэн гэдгийг Ерөнхий сайд тодотгоод шинэ төв цэвэрлэх байгууламжийн энэхүү төсөл хоёр орны түүхийн хуудсыг нэгээр нэмсэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад түлцэц болсон их бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэхүү төслийн хамт Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх саарал усны үйлдвэр шинээр ашиглалтад орох учиртай. Энэ хоёр хоорондоо хүйн холбоотой төсөл юм. Эдгээр төслийг цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлснээр нийслэлийн ард иргэдийн ажиллаж, амьдрах орчин сайжрах юм гэдгийг хэлээд төслийг эхлүүлэх хоёр талын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсон  БНХАУ-ын Худалдааны яам, тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, НЗДТГ зэрэг хамтран ажилласан байгууллага, хүмүүст Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.

Ерөнхий сайд надад цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг онцгойлон анхаарч, “толгойгоороо хариуцан” ажиллахыг даалгасан гэж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлээд цаасан дээрх төсөл бодит ажил болж байгааг тэмдэглэлээ.

Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпораци”, “Бээжин констракшн  инженеринг групп”-ийн түншлэл шалгарч Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулжээ.

Энэ төсөл нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаанд хэрэгжиж, нэг жилийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийж, инженер техникийн ажилчдыг дагалдуулан сургана. Төслийн бүтээн байгуулалтад дотоодод үйлдвэрлэсэн барилгын материалыг өргөнөөр ашиглах бөгөөд хоёр улсын ажилчдыг тэнцүү тоогоор ажиллуулна.

Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн бохир ус цэвэрлэж, лагийг бүрэн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, III, IV дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглана.

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усыг стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, нийслэлийн иргэд тав тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэнэ.

Мөн иргэдийг орон сууцтай болгоход нэн шаардлагатай инженерийн дэд бүтцийн салшгүй нэг хэсэг болох бохир ус татан зайлуулах шугам, сүлжээний хүчин чадал нэмэгдэх асуудал давхар шийдэгдэх юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...