Солонгосын хоёрдогч авиа компани гуравдугаар сараас Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ

Солонгосын агаарын тээврийн хоёрдогч компани ирэх 3-р сарын  сүүлчээс эхлэн Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр болсон таатай мэдээг уншигчдадаа анхлан дуулгая.  Солонгосын  Газар нутаг, зам тээврийн яамны сайд Ким Хён Ми, Монголын талаас Зам тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын  хэрэгжилтийг зохицуулах  хэлтсийн дарга н.Мягмарсүрэн нарын агаарын тээврийн салбарынхны уулзалт энэ сарын 16-17-нд Сөүлд болж энэ үеэр хоёр тал ийнхүү тохиролцсон байна.

Хэлэлцээрийн үеэр нислэгийн тоо, давтамжийг тохирч долоо хоногт 12 удаагийн нислэгийг 20 удаа болгохоор тохирчээ.

Манай улсын  хувьд  Бээжин, Сөүлийн чиглэлд агаарын нэг тээвэрлэгч байна гээд хатуу заалтаар иргэний агаарын тээврийн салбарын хөгжлийг илтэд боомилсон, чөлөөт өрсөлдөөн биш монополь байдлыг дархалсан, үйлчлүүлэгчдийнхээ сонголт хийх эрхийг үл хүндэтгэсэн зохицуулалттайгаар нэлээд хэдэн жилийг ардаа үдсэн түүхтэй.

Тодруулбал,  дээрх хоёр чиглэлд долоо хоногт зургаахан нислэг хийдэг бөгөөд  6 хүртэлх нислэгт нэг тээвэрлэгч байхаар эрх зүйн зохицуулалт хийсэн байсан нь монополь байдлыг дэмжиж,  үр нөлөөнд нь агаарын тээврийн салбар, үйлчлүүлэгчдийн хамт хохироод олон оныг үдсэн юм. Нэг жишээ дурдахад Сөүл-Улаанбаатарын чиглэлд монополь эрхтэйгээр нислэг үйлддэг  байсан “Korean air” компани 3.5 цагийн нислэгийг бусад ижил замын нислэгүүдээс бараг 3  дахин өндөр үнээр үйлддэг байсныг Солонгосын www.newsis.com сайтад мэдээлжээ.

Хэрэгцээ нь долоо хоногт 18-22 хүртэл нислэгтэй болох шаардлагатай байтал хуулийн  зохицуулалтын  “ачаар” 6-хан удаагийн нислэг үйлдэж,  ачааллын үеэр тийзээ хоёр сар хүлээх нь энүүхэнд байлаа. Цаашлаад энэ зохицуулалт аялал жуулчлалын  салбарт ч томоохон саад дараа болдог байсныг хэн хүнгүй мэднэ.

Тэгвэл УИХ-ын өнгөрсөн оны намрын чуулганаар тухайн үеийн салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ иргэний агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөн бий болгож, агаарын тээврээ илүү нээлттэй болгох чухал шийдвэрийг батлуулж чадсаны үр дүн ийнхүү гарч нислэгийн тоо нэмэгдэн, тийзийн үнэ буурах боломжтой болох нь ээ. Дээрх хоёр чиглэлд ойролцоогоор нислэгийн тийзний үнэ 20-40 хувь хүртэл хямдрах боломжтойг мэргэжлийн хүмүүс тодотгов.

БНСУ-ын www.newsis.com сайт энэ талаар мэдээлэхдээ 30 жилийн монопольчлол нуран унаж, чөлөөт өрсөлдөөн үүсч буйг тодотгоод хоёр орны хоорондох хэлэлцээ нь сүүлийн 15 жилд найман удаа бүтэлгүй болж байсныг мөн дурдсан байв.

Б.НАМЖИЛМАА

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...