УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр “Хуваарийн дагуу өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Элчин сайд нартай холбоотой асуудал буюу Австрали, Тайланд, БНСУ-д улсад суух Элчин сайд нар болох Г.Тэнгэр, Н.Чингүүндарь, Б.Хурц нар УИХ-тай зөвшилцөөд явсан. Гэвч томилгоо хийгдэхгүй жил гаруй саатаж байна. Үүнтэй холбогдуулан ГХ-ны сайд Д.Цогтбаатар эдгээр хүмүүсийг буцааж татах нь зүйтэй. Улс оронд хийгдэх ажил саатаад байна гэсэн санал оруулж ирсэн. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцээд дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргалаа. Мөн энэ гурван улстай холбоотой Элчин сайд нарын асуудлыг хурдан шийдэх нь зөв гэсэн санал дүгнэлтэд хүрээд байна.
Хоёрдугаарт, улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлаар санал солилцож, ярилцлаа. МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Дэгийн тухай хуулийг энэ долоо багтааж, хэлэлцэж батлах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ” гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-УИХ-ын даргыг чөлөөлөх нь тодорхой болж байх шиг байна. Дараагийн даргад ямар хүмүүс яригдаж байгаа вэ?
-УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал олон шат дамжлагатай. Эхлээд хууль батлагдана. Дараа нь нэр бүхий гишүүд тогтоолын төсөл өргөн барина. Тэр өргөн барьсан хуулийг хэлэлцэж батална. Шинэ даргын асуудал яригдаагүй байна.
-Засгийн газрын хоёр сайдын асуудал юу болж байгаа вэ?
-УИХ одоо гацахгүй. Энэ долоо хоногт ЭЗБХ хуралдана. Баасан гаригт чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Засгийн газрын гишүүдийн асуудал бусад хэлэлцэх асуудлууд хэлэлцэгдээд явна. Засгийн газрын хоёр гишүүнийг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ.
-Дараагийн сайд нарын асуудал яригдсан уу?
-Дараагийн сайд нартай холбоотой асуудал огт яригдаагүй. Нам судлаад намын УЗ-өөр хэлэлцээд бүлгийн хурлаар шийдвэрлэнэ.
-“37-27”-ийн бүлэг тохиролцсон гэх мэдээлэл байна?
-Албан тушаалын тохиролцоо огт яригдаагүй. Хоёр талаасаа ажлын хэсэг гарч, хурлаа яаж гацаагүй явуулах вэ гэдгээ л ярилцсан.
-Гурван сайдад ямар хүмүүс яригдаж байгаа вэ?
-Элчин сайд нарын асуудлыг ГХЯ судалж оруулж ирнэ. Мөн Ерөнхийлөгч саналаа оруулж ирнэ.