Хавдрын тохиолдлын тоо жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн онд 7000 гаруй хүн хавдартай хэмээн оношлогдсон гэх статистик бий. Үүний улмаас хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэж буй хүн эмнэлэгт дээд тал нь зургаа л хонож байгааг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хэлсэн. Нэг хүнийг арав, 14 хоног хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүссэн аж.
Тэгвэл өнөөдөр (2019.01.09-ний өдөр) орон нутгаас нийслэлд ирсэн хавдартай өвчтөнүүд эмчилгээ хийлгэх явцдаа гэр бүлийн гишүүдийн хамт байрлах боломжтой байрыг нээлээ. “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ынхан уг байрыг гадаад, дотоодын байгууллын хандив, дэмжлэгээр засаж тохижуулан ашиглалтад оруулж буй юм. Байрны нээлтийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан болон бусад холбогдох албаныхан оролцоо.
Эл “Дарь эхийн өргөө” байр нь гал тогоо, амралтын өрөө, урлагийн сэтгэл заслын өрөө болон өвчтөн болон асран хамгаалагч нар нь байрлах 14 өрөөтэй. Өрөө бүрийг өвчтөнүүдэд таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар засаж тохижуулснаараа онцлогтой бөгөөд нэг дор 30 хүн байрлах боломжтой юм.
Нийслэлийн ИТХ-аас хавдрын өвчлөлийг бууруулахаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийг сайжруулахаар гадаадын төсөл, хөтөлбөрийг Улаанбаатарт хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээндээ ХСҮТ, “Хавдрын үндэсний зөвлөл” болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан энэ талаар “Улаанбаатарын агаар, орчны бохирдол болон хөндлөнгийн бусад зүйлсээс шалтгаалсан өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Засгийн газраас эхлээд холбогдох байгууллагууд шат дараатай арга хэмжээ авч буй ч үр дүн тааруутай байгаа. Тиймээс нийслэлийн ИТХ-аас ХСҮТ, хавдрын өвчлөлийг бууруулахаар үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудтай хамтарч, Улаанбаатар хотыг олон улсын хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байна. Үүнд хамрагдсанаар 3-5 жилийн хугацаанд хавдрын эмчилгээ, оношлогоо, илрүүлэлтэд мэдэгдэхүйц ахиц гарна. Энэ хүрээнд өнөөдөр “Дарь эхийн өргөө” төвийг нээж байна. Хавдрын тохиолдол жил ирэх тус нэмэгдэж, ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед ийм байрыг нээж буй нь цагаа олсон ажил боллоо гэж болно. ХСҮТ-өөр эмчлүүлж буй хүмүүсийн 50 орчим хувь нь орон нутгийн иргэд байдаг учраас байрлах байр, сэтгэлийн дэм их хэрэгтэй. Олон улсын жишигт нийцсэн эл байрыг ашиглалтад оруулснаар өвчтөнүүд гэртээ байгаа мэт орчинд эмчлүүлэх боломж нээгдэж байна” гэв.