Газраа чөлөөлсөн иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр тогтлоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээлэл хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулав.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад нийтдээ 2239 ор байдаг бөгөөд 977 нь хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд зориулагдсан байдаг. Гэсэн ч томуугийн ид дэгдэлтийн үед ор хүрэлцдэггүй, эмч, сувилагчийн ажлын ачаалал нэмэгддэг. Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж, 1720 ор нэмэлтээр тавих гэнэ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид танилцуулга мэдээллийг сонсоод цэцэрлэг бүрийг эмчтэй байлгахад анхаарч, томуугийн дэгдэлтийг намжаахад бүх бололцоогоо ашиглах ёстойг холбогдох хүмүүст анхаарууллаа.

Мөн энэ өдрийн хуралдааны үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах, зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагаанд хяналт тавих журам шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Өдгөө нийслэлийн хэмжээнд шашны 307 байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Мөн шинээр бүртгүүлэхээр 54 байгууллага хүсэлт ирүүлсэн байна. Журмын төслийг Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Аливаа шашны байгууллага нийслэлээс гаргасан шийдвэр, дүрэм, журмыг мөрдөж байх ёстой. Мөн өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган ажилладаг байхад анхаарах нь чухал” гэсэн юм.

Хуралдааны төгсгөлд нийслэл хотод өрнүүлсэн бүтээн байгуулалтад газраа чөлөөлсөн иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд өрнүүлсэн зарим бүтээн байгуулалтын нөлөөллөөр газраа чөлөөлсөн 25 өрхөд нөхөн олговор өгөх шаардлага үүсэж буй талаар нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт өрнүүлсэн бүтээн байгуулалтууд 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Засгийн газраас газар чөлөөлсөн иргэдэд нөхөн олговор өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл шийдээгүй байна. Үүний улмаас 25 өрх орох оронгүй болсон. Нийслэлийн Газрын албатай эдгээр өрх гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн бөгөөд газар дээр нь хэдийнэ бүтээн байгуулалтын ажил хийсэн” гэв.

Дээрх 25 өрхөд 1.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөх тооцоотой. Концессын гэрээгээр нийслэлд өрнүүлсэн бүтээн байгуулалтаас 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч буй бөгөөд тус хөрөнгийг иргэдийн нөхөн олговорт шилжүүлэх саналыг нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гаргасан юм. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээнд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...