М.Энхболд, Д.Оюунхорол тэргүүтэй улстөрчдийг МАН-аас хөөх санал оруулахаар болжээ

Эрх баригч МАН-ын Бага хурал маргааш буюу лхагва гарагт болно. Энэ удаагийн хурлаар нам дотроо нэлээн өргөн хүрээтэй цэвэрлэгээ хийнэ гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы танхимд удаа дараа мэдэгдсэн. МАН-ынхан энэ удаад тун хүндхэн цаг үед хурлаа хийж байгааг тодотгох учиртай. Нэгдүгээрт, УИХ дахь МАН-ын бүлгийн экс дарга Д.Хаянхярваа тэргүүтэй нэр бүхий гишүүд намынхаа даргын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, улс төрийг багагүй бужигнуулсан. Хоёрдугаарт, МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга Су.Батболд нарыг албан тушаалаас нь чөлөөлөх улс төрийн шийдвэр гаргасан. Үүний дагуу Су.Батболд, Д.Хаянхярваа нар ажлаасаа чөлөөлөгдсөн бол УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа буухгүй хэмээн өнөөдрийг хүртэл гүрийсээр буй. УИХ-ын даргаас болоод төрийн ажил гацаанд орсон талаар ч нухацтай ярилцах ажээ.

Дотоод хагарал нь даамжирсан эдгээр нөхцөл байдлаас үүдээд МАН-ын Бага хурал нэлээн ширүүн уур амьсгал дунд болох нь тодорхой байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас тэрбум хоёр зуун сая  төгрөгийн зээл авсан хэмээн мэдэгдлээ. Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгөхгүй бол түүнийг огцруулах саналыг УИХ-д дахин өргөн барина гэдгээ хэлсэн.  Харин зарим ажиглагч Н.Номтойбаяр гишүүн МАН-аас хөөгдөхөө мэдмэгц сөрж улс төрийн акц хийлээ хэмээн дүгнэж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар МАН-ын Бага хурлын үеэр УИХ-ын арав шахам гишүүнийг хариуцлага тооцож намаас гарсанд тооцох сураг байна. Үүн дотроо УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нарыг МАН-аас хөөх нь бараг тодорхой болжээ.

Тус намын дүрмээр бол гишүүд нь дараахь эрх, үүрэгтэй байдаг ажээ.

4 дүгээр зүйл. Монгол Ардын Намын гишүүний эрх, үүрэг

4.1. Гишүүн дор дурдсан эрх эдэлнэ:

4.1.1. намын үзэл баримтлал, бодлого боловсруулах, хэлэлцэхэд болон намаас явуулж буй үйл ажиллагаанд оролцох;

4.1.2. намын Удирдах байгууллагад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох, сонгогдох:

4.1.3. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд намаас нэр дэвших хүмүүсийн талаар намын байгууллагад саналаа тавих;

4.1.4. улс орны болон намын дотоод амьдралын асуудлаар санал тавьж хариу авах, шүүмжлэх, мэдээлэл өгөхийг шаардах;

4.1.5. намын байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох;

4.1.6. үзэл бодол, гишүүнчлэлийн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах;

4.1.7. намд туслах зорилгоор гишүүд бүлгэм, клубт нэгдэн ажиллаж болно;

4.1.8. гишүүдийн төлсөн татвар, өргөсөн хандив, намын сан хөмрөгийн зарцуулалтын санхүүгийн тайланг сонсох.

4.2. Намын гишүүн дор дурдсан үүрэг хүлээнэ:

4.2.1. намын дүрмийг чанд сахин биелүүлэх;

4.2.2. гишүүн байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад харъяалагдан намын ажилд идэвхтэй оролцон намын мөрийн хөтөлбөр, бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх;

4.2.3. намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөхөд тус дөхөм үзүүлэх;

4.2.4. төрийн болон орон нутгийн аливаа сонгуульд Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), нэр дэвшигчийг сурталчлан дэмжих;

4.2.5. намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;

4.2.6. намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах;

4.2.7. гишүүний татвар, хураамжийг тогтоосон хугацаанд тогтмол төлөх, хандив өргөх, намын хэвлэл захиалах зэргээр намын сан, хөмрөгийг арвижуулахад идэвхитэй оролцох;

4.2.8. намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;

4.2.9. намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;

            4.2.10. намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах.

4.3. Монгол Ардын Намын гишүүн улс төрийн өөр намын гишүүн байхыг хориглоно.

4.4. Энэхүү дүрмийн 4.2.5, 4.2.8, 4.2.9-ийг зөрчсөн гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана:

4.4.1. намаас санал болгож сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэх;

4.4.2. хуульд өөрөөр заагаагүй бол одоо ажиллаж байгаа албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах;

4.4.3.намын боловсон хүчний нөөцөд бүртгэх.

4.5 Энэхүү дүрмийн 4.4-т заасан хариуцлагыг тооцохдоо намын Удирдах Зөвлөл болон тухайн гишүүнийг хүний нөөцдөө бүртгэсэн намын байгууллагын тэргүүлэгчид нь намын хяналтын байгууллагын дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрийг тухайн гишүүнд өөрт нь болон анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.

4.6. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа намын гишүүд дэмжигчдийн үүсгэл санаачилгыг нь дэмжих зорилгоор намын Бага хурал хуульд нийцүүлэн журам гаргаж болно.

5 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс түдгэлзэх

5.1. Намын гишүүн хууль тогтоомжид заасан тохиолдолд Монгол Ардын Намын гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа НАШБ-д бичгээр мэдэгдэж бүртгүүлнэ.

5.2. Түдгэлзэх үндэслэл арилсан бол НАШБ-д хүсэлтээ гаргаж гишүүнчлэлээ сэргээнэ. Намаас түдгэлзсэн нь намын гишүүн байсан нийт хугацаанаас хасагдахгүй.

6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс гарах

6.1. Монгол Ардын Намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно.

6.2. Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж харъяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, Монгол Ардын Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө.

6.3. Энэ дүрмийн 6.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцно.

6.4. Намын гишүүн нас барсан бол түүний үр хүүхдийн хүсэлтээр намын бат илэрхийлэхийг дурсган хадгалуулж болно.

6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:

6.5.1. Намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн;

6.5.2. Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

6.5.3. Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан;

6.5.4. Намын албан ёсны шийдвэр буюу олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн.

6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачлагаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулна. Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.

6.7. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.

6.8. Энэ дүрмийн 6.5-д заасан дутагдлаа иргэн арилсан гэж үзвэл Монгол Ардын Намд гишүүнээр дахин элсэх хүсэлтээ намын НАШБ-аар уламжлуулан Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...