Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчид чуулав

Үүрийн таван жингээр эхэлсэн томилолт маань Их эзэн Чингис хааны өлгий нутагт хур дагуулан очиж, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар хур дагуулан үргэлжиллээ.

Зуны тэргүүн сар шувтарч, Монгол нутагт маань зуны дэлгэр цаг хэдийнээ айлчлан ирсэн байх атал хаврын сарууд шиг зэвэргэн, “саарал” нутгаар давхисаар Дорнод аймгийн Чойбалсан хотод амраад цааш Бага хүрээгийн хилийн заставт өглөөний цайгаа хээр умдаалж, алдарт мэнэнгийн талаар хур дагуулсаар бид Буйр нуурын эрэгт байрлах Буйр кэмпэд байрлав. Гадаадын иргэн, харьяатын газрын удирдах албан тушаалтнууд, хяналтын улсын байцаагч нарын тэргүүн туршлага солилцох сургалт, зөвлөгөөнийг мөн л зүсэрсэн борооноор эхлүүллээ.

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т орших Буйр нуурын эрэгт чуулсан Гадаадын иргэн, харьяатын газрын удирдах албан тушаалтнууд болон хяналтын улсын байцаагчдын сургалт, зөвлөгөөнийг НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар хамтран маш амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсад хилийн 20 гаруй боомт байдаг бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газар нь харьяа 6 газар, 3 хэлтэстэйгээр хилийн боомтуудад гадаадын иргэдэд виз, визийн зөвшөөрөл олгох, хяналт шалгалт явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Сургалтад Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос цугласан удирдах албан тушаалтнууд болон хяналтын улсын байцаагчид оролцсон нь онцлог байлаа. Энэхүү цугларалт, тэргүүн туршлага солилцох арга хэмжээг НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд 2018 оны зургадугаар сарын 16-18-ны өдрүүдэд АНХ УДАА зохион байгуулсан юм. Сургалтын үйл ажиллагааг нээж Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Мөрөн үг хэлсэн юм. Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын төлөөлөгч Р.Оюунбилэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Баяраа, Хуульч-судлаач багш Д.Инжиннаш нар оролцов.

Сургалт цагдаагийн алба болон хууль сахиулах албадтай хамтран шалгалт явуулах бодлого, хяналт шалгалт явуулахдаа виз болон бусад зөвшөөрлийг хянан үзэх бодлого, техник, технологийн шинэчлэл, тэдгээрийг хэрэглэх бодлого, Хүн худалдаалахтай холбоотой үндсэн асуудлууд, хохирогч болохыг тогтоох үзүүлэлт, хөдөлмөрийн харилцаа шалгах эрх зүйн үндэслэл арга зүй, хохирогчийг хамгаалах үйлчилгээ, хувийн мэдээллийг хамгаалах зэрэг сэдвээр 3 өдөр үргэлжилж шинэ мэдлэг мэдээлэл, арга туршлага солилцсон өндөр үр дүнтэй болсон юм.

Аливаа ажлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахад практик туршлага маш чухал байдаг. Энэ удаагийн сургалт зөвлөгөөний үйл ажиллагааг зохион байгуулж буй Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүс дэх газар нь нийт гурван аймгийн 7 боомтыг хариуцан ажилладаг. Хилийн боомтгүй Хэнтий аймгийн хувьд Гадаадын иргэн, харьяатын байгууллагын төлөөлөгч ажилладаг бөгөөд тухайн нутаг дэвсгэрт зорчиж байгаа гадаадын иргэд, түр ирэгч болон оршин суугч гадаадын иргэдэд хяналт шалгалт явуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилладаг байна. Харин Сүхбаатар аймаг дахь хэлтэс нь дээрх чиг үүргийг мөн хэрэгжүүлэн ажиллахаас гадна олон улсын чанартай Бичигт боомтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Харин Дорнод аймагт хилийн 6 боомт байдаг бөгөөд олон улсын ажиллагаатай Эрээнцав, Чойбалсангийн хилийн боомтыг хариуцан ажиллаж байна. Монгол Улсын 20 гаруй боомтод ажиллаж буй хяналтын улсын байцаагчид нүүр тулан уулзаж, мэдлэг мэдээллээ дээшлүүлэхийн сацуу практик дээр туршлага солилцон, боомт бүрийн онцлог, нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудлыг ярилцаж хэлэлцэн үр дүнтэй чуулсан юм.

Халх гол мяралзан урссан, сэмжин үүлс нүүсэн, талын салхи сэвэлзсэн өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын удирдах албан тушаалтнууд сургалтын хөтөлбөрийн дагуу Дорнод аймаг дахь Баянхошуу боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Тус боомт нь хоёр талын ажиллагаатай буюу зөвхөн БНХАУ-ын иргэд болон Монгол Улсын иргэд зорчдог боомт юм. Өдөрт дунджаар хоёр улсын 60-80 иргэн зорчин өнгөрдөг байна. Өөрөөр хэлбэл, Олон улсын гэрээ конвенцийн дагуу гуравдагч орны иргэд дамжин өнгөрөх боломжгүй гэсэн үг юм.

Хилийн боомт, орон нутагт ажиллаж байгаа хил хяналтын байгууллагуудын албан хаагчид идэр насны залуучууд дүүрэн байсанд, эх орноо ийм сайхан залуусаар мануулж байгаад бахдах, баярлах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.

Сургалтын 3 дахь өдөр Их бурхант хэмээх байгалийн үзэсгэлэнт газраар явж, хилийн застав, Халхгол суманд байрлах Ялалтын музейтэй танилцсан юм. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулсан Халхын голын дайны ялалтын амьд түүхийг өгүүлсэн Халх голын “Ялалт” музей нь Халх гол сумын төвд 1984 онд баригдсан 3 давхар барилга юм. Нэгдүгээр давхарт нь Халх голын түүхийн танхим ,104 хүний суудалтай кино танхим, Хоёрдугаар давхарт дайны ажиллагааг харуулсан зургууд, дайны үеийн зэр зэвсэг 1000 гаруй үзмэр байрлуулжээ. Гуравдугаар давхарт ялалт авчирсан баатруудын нэрийг мөнхжүүлж баатар эхийн босоо дүрийг хүндэтгэл болгон байрлуулсан танхимтай бөгөөд түүний тааз нь монгол гэрийн тооно хэлбэртэйгээр баригджээ. Энд орсон зочид гийчид хүндэтгэл үзүүлж номхон зогсдог. Гадна талын талбайд Монгол, Зөвлөлтийн дайчдын хөрэглэж явсан машин техник, зэр зэвсгийг үзмэр болгон тавьжээ. Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож эх орноо алтан амиараа хамгаалсан олон аавын хүүгийн гэгээн түүх хүн бүрийн сэтгэлд мөнхөд орших  учиртай. Олон жил улиран одоход дайны үйл явдлын гэрч цөөрч, үнэнийг тодруулахад улам л бэрхшээлтэй болсоор буй энэ цаг мөчид үндэсний аюулгүй байдлын чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдыг энэхүү Ялалтын музей үзүүлсэн нь чухал ач холбогдолтой байсныг тус байгууллагын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Мөрөн онцолж байсан юм.

Гадаадын иргэн харьяатын байгууллагын нийт албан хаагчдын  80 орчим хувь нь 20-40 хүртэлх идэр насны залуучууд ажилладаг бөгөөд сургалтад хамрагдсан удирдах албан хаагчид, хяналтын улсын байцаагчдын 70 орчим хувь нь идэр насны албан хаагчид байсан юм. Монгол хүн бүрийн заавал очиж үзэх ёстой музейг доголон нулимстай үзэж, Үндэсний аюулгүй байдлын чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг албан хаагчид нэгийг бодож, хоёрыг тунгаан явсан юм.

Монгол Улсын дархан хилийн 20 гаруй боомт, орон нутгаас 70 орчим мэргэжлийн албан хаагчид АНХ УДААГАА ийнхүү чуулж, мэдээллээ мэдлэг болгон бататгаж, туршлага солилцож, “танилцаж”, инээд хөөр дүүрэн өдрүүдийг өнгөрүүллээ.

Газар тэнгэр нүднээ ил болзох их Мэнэнгийн тал, Монголын Хавай гэж нэрлэх Буйр нуур, сэмжин үүлс, шиврээ бороо, агь таана үнэртсэн хөдөө нутгаар аялсан тэмдэглэлээ үүгээр дуусгая.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...