Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг онцлоод хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийллээ. Мөн БНХАУ-ын авлигатай тэмцэх, ядуурлыг бууруулах туршлагыг анхааралтай ажиглаж байдгаа хэлсэн юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр улсын уламжлалт найрсаг харилцаанд шинэ боломжууд нээгдэж байгаа цаг үе хэмээн онцлоод Монгол Улсын язгуур эрх ашгийг ямагт хүндэтгэнэ гэдгээ хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа харилцан ашигтай хөгжүүлэх чиглэлээр тодорхой саналууд тавьсныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин найрсгаар хүлээн авч хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв. Тухайлбал, дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг Монгол, БНХАУ хамтран ажиллах боломж, шүлхий өвчингүй, стандартын шаардлага хангасан махыг Монголоос БНХАУ руу экспортлоход нээлттэй, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа гурил нийлүүлэх, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах гэх мэт олон боломж байгаа тухай талууд ярилцлаа.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тааламжтай үедээ БНХАУ-д төрийн айлчлал хийхийг албан ёсоор урьж, цаашид тогтмол харилцаа холбоотой хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт илэн далангүй найрсгаар үргэлжилж, хөрш орнуудын хамтран ажиллах олон боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм.